Шүлэг: Дурлах л гэж дурласан

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 02

 

 

Батмөнхийн Чулуунцэцэг

 

Дорноговь аймгийн Мандах сумын уугуул Б.Чулуунцэцэг “Их Монгол” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2004 онд “Нэрийн хуудас-оддын хөрөг” нийтлэлийн, 2007 онд “Чука” нэрт шүлгийн түүвэр хэвлүүлжээ.

 

 

 

 

Дурлах л гэж дурласан 

Дугтуй болгоныг задлахдаа би догдолдог

Дураараа цалгих сэтгэл минь чимчигнэн сандардаг

Гар салгалж хүсэл аяархан бэргэдэг

Ганцхан чинийх л байгаасай гэж зүрх анир дардаг

Яая гэхэв би дурлах л гэж дурласан

Ял зэм хоёрыг гаталж чадахгүй сөхөрвөл

Ямархан хайр бадамлан ассанд зул өргөнө

Яг одоо надтай шөнийг өнгөрөөгөөч гэж сүүлчийн удаа гуйна

Тэндээс би охин насаа чамтай буцаана

Тэнгэрийн өнгөтэй хөх даашинзаа өмсөж

Тэвэрч үнссэн амраг хүүхэн болсныхоо төлөө                         

Тэнцэж ядталаа хундага тулгаж, орчлонг мартана             

Яая гэхэв би чамд дурлах л гэж дурласан                    

Ямархан тавилан намайг хүлээх нь хамаагүй

Яг одоо л өөрийгөө чамд бүтэн зориулж                          

Явахад чинь чимээгүйхэн уйлаад үлдэж чадна аа         

Хэлэх үгнии чинь зогсолт бүхэнд яарч                       

Хэтэрхий ч гэмээр хүлээдэг дээ, би чамайгаа

Дуулсан дууны чинь нугалаа бүхэнд бүдчиж

Дурлах л гэж дурласан даа, би чамдаа       

                         

Чамдаа би өртэй 

Зүүдэнд минь ирж шөнөжингөө зугаалчихаад

Зүрхийг минь үнсэж үүрээр чи буцдаг

Зүсэр бороо дөнгөж тогтоно уу гэтэл

Зүггүй зан минь хөдлөөд өөрөө би мэлмэрчихдэг

Зөнөсөн орчлонг аргадаж ардын дуу аялахдаа

Зөн нугалаа хоёрт нь аргагүй амрагийг хавчуулж

Зүүсгэл гоёлоо өмсөн хуримын бэр шиг гоёод

Зүс нь бууралтсан ээжээсээ нулимсаа нууж арчдаг

Сүүмэн дүүмэн орчлонг ганцхан надаар ойлгож                 

Сүж гэгээн сэтгэлээс минь хайр горилсон чамайгаа         

Будангуйрагч амьдралын хүрдэнд ганцаардан шаналахын цагтаа

Бусдаас илүү, бүр бурхнаас ч илүү санадаг аа

Зуны шөнө шиг богинохон тавилангаар амьдралыг хазаарлаж

Зул хонгор цэцэг шиг залуу насаар минь өөрийгөө чимчихээд 

Зөөлөн бүүвэй аялуулсаар ертөнцийн алсаас тоостойгоо     

Зүүднии амраг минь наддаа шөнө болгон ирдэг ээ                              (

Учралын зөрөг дээр одоо ч нулимстай зогсох шиг санагдаж

Ус нутгийн чамаараа дутуу орчлонг залгаж бодном

Цог хийморьтой чиний зүрх цалгитал ширтсэн

Цоргисон харцыг үгүйлэхийн үедээ л өртэйгөө ухаарнам

Тэр жилийн зун намайг аргадаж өнжсөн

Тэрлэг дээлний энгэрийн гурван товчоороо хацар жиндүүлэн

Шүүдэр буух цагаар зүүдэнд минь тэр л төрхөөрөө уйлж

Шүлэг болж буцдаг тэнгэр амраг минь, чамдаа би өртэй

 Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top