Ерээд жилийн тэртээ жанжин Сүхийн морь хомоолоо хаяж, хувьсгалын уурхайг цуурайтуулж явсан нийслэлийн төв талбайд 21-р зууны иргэний хөдөлгөөнүүд “оторлон” энэ хаврын жагсаал цуглааны салхийг хагалсан. Сүхбаатарын талбайд морьтонгууд цуглуулан жагсаал хийж буй “Гал үндэстэн” холбооныхон болон бусад холбоод өнөөдөр ч Төв талбайд байсаар л байгаа. Тэд улс үндэстнээ аваръя хэмээн уриалга гаргаж, газар шороогоо хамгаалахаар тэмцэж байна хэмээн өөрсдийгөө танилцуулсан билээ. Морин тэрэг, хөсөг, морьтой залуусаар “гоёсон” тэдний тэмцэл өнөөдөр хэрээс хэтрээд байна. Төв талбайг морины хомоолоор дүүргэж талбайн урд хэсэгт морьдоо бөөнөөр нь уяж, өвс тавьж өгснөөс болж тэр хавь нэлэнхүйдээ морины хомоолоор дүүрсэн. Тэгвэл өнөөдөр тус холбооныхон Засгийн Газар,УИХ, болон Ерөнхийлөгчтэй уулзахыг шаардаж төрийн ордоны хоёр талын дөрвөн хаалган дээр суулт хийж байна. Жагсаалд оролцогчид төмөр түмпэн балбаж, цагаан хоолойгоор орилцгоож, хажуугаар зөрөх хүмүүс, замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт сонин тарааж, хаалгануудын үүдэнд эсгий дэвсэн хэвтжээ. Тэд Ерөнхийлөгчийг гарч ирж “Гал үндэстэн” холбооны гишүүн Давааг суллахыг шаардаж байгаа ажээ. Жагсаалд оролцогчид “ерөнхийлөгч болон гишүүдийг гарч ирж уулзахгүй бол эндээ хононо, суулт цаашдаа хэд ч хоног үргэлжилж магадгүй” хэмээн ярьцгааж байна.
З.Марал. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )