“Гал Үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Давааг баривчилсан учраас уг холбооны жагсагчид Төрийн ордны дөрвөн хаалган дээр эсгий дэвсэж, төмөр балбан түүнийг суллахыг шаардаж байгаа билээ. Өнөөдөр Төрийн ордны бүх хаалгыг бүслээд байгаа хөдөлгөөнийхний төлөөлөл болгож “Гал Үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Болдбаатараас хэдэн зүйл тодрууллаа.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Би “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн. Монгол Улсын Аюулгүй байдлыг төлөөлөх газрын удирдах зөвлөлийн гишүүн, бэлтгэл ахмад Болдбаатар.
-Өнөөдөр хөдөлгөөнийхөн ямар шалтгаанаар ордныг бүслээд байна ?
-Бид дөрөвдүгээр сарын 3-ны өдөр ард түмэнтэйгээ хэлэлцүүлэг хийнэ гэж талбай дээр гарч ирсэн. Өнөөг хүртэл тайван жагсаал хийлээ. Өчигдөр манай удирдах зөвлөлийн гишүүн Давааг учир битүүлэг шалтгаанаар шууд баривчилсан байгаа. Бидний хэсэг нөхөд удирдах зөвлөл хийхээр очиход энгийн хувцастай дөрөв таван хүн Давааг машинд суулгаад явсан. Бид Давааг суллатал Төрийн ордны хаалгыг хаана. Энэ бол зүгээр энгийн тэмцэл, Давааг суллахгүй бол бид цаашид үүнээс ч илүү арга хэмжээ авна. Зам хаана, морьдоо оруулж ирнэ. Ард түмнийг үнэхээр доошоо хийж, арай дэндэж байна. Тиймээс бид Даваагаа суллатал энд байна. Хэрвээ төр засаг 7-р сарын нэгэн шиг ямар нэг цагдаагийн хүч хэрэглэх юм бол бид үнэхээр хурцын хурцаар тэмцэлдэнэ.
-Төрийн ордны үүдэнд эсгий дэвсээд түмпэн шанага тачигнуулаад байна ш дээ. Энэ яг ямар учиртай юм бэ?
-Эсгий дэвсдэг нь хөдөөнөөс ирсэн хүмүүс даарч хөрөөд хэцүү байгаа учраас тэгсэн хэрэг.
-Та нар олон хоног тэмцэж байгаа. Энэ олон хоног та бүхэн хоол хүнсээ хаанаас базааж байна?
-Бид нар намгүй төр, түмэн олноосоо гаргах ард түмний төрийн төлөө сууж байгаа гэдгийг ард түмэн маань мэддэг юм байна. Тийм учраас түмэн олон минь үүнийг хүлээн зөвшөөрч зохих хэмжээний дэмжлэг үзүүлж байгаа. Жишээ нь, үнэгүй хоол өгөх ч юмуу, эсвэл тавин хувийн хөнгөлөлттэй өгөх гэх мэт. Сая морьдтой байхад бол өвс овьёосыг машин машинаар өгөхөөс гадна хандивын хайрцганд ихээр хандив өглөө. Үүнд үнэхээр баярлаж байна. Үнэхээр огшихоор түмэн олон биднийг дэмжиж байна.
-Хэрвээ ойрын хугацаанд Даваа гуайг суллахгүй бол хаалгыг нь дарахаас өөр ямар арга хэмжээ авах вэ?
-Би түүнийг хэлэмгүй байна, миний дүү. Цэргийн нууц гэж байдаг даа. Гэхдээ бид энэ замыг хаахгүй байгаа ш дээ. Аль болохоор ард түмнийхээ бухимдлыг хүргэхгүйгээр. Өөр арга хэмжээ авна.
- Хэрвээ та бүхний хүссэн хариуг өгөхгүй удаад байвал энэ байдал хэр удаан үргэлжлэх вэ?
-Гаргаж автлаа сууна. Бид нар энэ хөдөлгөөнийхөө гишүүдийг нэг нэгээр нь сугалуулахгүй. Цагдаагийн хүчээр дайрна, цагдаагийн хүчээр баривчилна гэж. Бид цагдаа нарт итгэж байгаа. Тэд ард түмний хүүхдүүд. Ордноос баруун зүүн тийшээ 33 метр, урагшаа хойшоо 80 метр ингэхлээр Сүхбаатарын талбай хойд хэсгээрээ тулсан байдаг юм. Энэ хэсэг төр захиргааны хамгаалалтын бүсэд ордог. Биднийг хууль мэдэхгүй гэдэг нэрийдлээр бас нэг тиймэрхүү юм ярих гээд байх шиг байгаа юм. Бид нар хуулийн дагуу л юм хийж байгаа. Зам талбай хаасангүй. Энэ дотогшоо 33 метр рүү нь орсонгүй.
-Энэ хөдөлгөөнийг дэмжиж байгаа ч ирж чадахгүй олон хүмүүс байгаа. Тэр хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна?
-Монголчууд маань 7 сарын нэгнээс нэлээн айдастай байх шиг байна. Тэр бол юу ч биш. Бид энэ газар нутгаа, усаа бохирдуулаад, харийнханд газраа өгөөд нутаггүй үлдэх үү гэсэн том айдас байна. Тэгээд ард түмэндээ эх орон, ирээдүй хойч үеэ бодож манай хөдөлгөөнд нэгдээч ээ л гэж хэлмээр байна. Өнөөдөр бол дэмжиж олон хүмүүс ирж байгаа.
- Ярилцлага өгсөнд баярлалаа.
- Маш их баярлалаа.
Ө. Яруу. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )