С.Баяр урвагч уу, дарангуйлагч уу?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

 С.Баяр сүүлийн үед элдэв но-гоо дэлгүүлээд байж ядахдаа “батгана сүүлдэж” эхэллээ. Тэр улс төрийн гэмт хэргийн улмаас шүүхэд дуудагдах нь ойртоод байх шиг байна. Айсан хүн адуу үргээнэ гэгчээр ойрдоо түүний ярьж хэлж байгаа нь нэг л биш ээ. Мань эр саяхан ТV-5 телевизэд өгсөн ярилцлагадаа өөрийгөө чухам хэн бэ гэдгийг нотлоод өгөх шиг боллоо. “Оюу толгойн гэрээг би муу гэрээ гэж хэлж чадахгүй” хэмээн тэр өөрийгөө дахин илчлэв. Тэрээр Оюу толгойн гэрээг муу гэрээ болоогүй гэж тас мэлзэж байна. Түүнийг Ерөнхий сайд байхад энэ гэрээ үндсэндээ хийгдсэн болохоор арьсаа хамгаалж байгаа нь илэрхий ажээ. Түүнээс биш доктор С.Авирмэдээр ахлуулсан иргэний байгууллагуудын төлөөлөгчид Оюу толгойн гэрээний талаар дүгнэлтээ гаргаж УИХ, Засгийн газарт хүргүүлсэн юм. Энэ бол уг гэрээний төслийг УИХ-аар оруулан хэлэлцсэн 2008 оны 7 сар буюу Улсын их баяр наадмын өмнөхөн болсон явдал шүү дээ. Түүний Засгийн газар зориуд гэмээр наадам дөхүүлээд УИХ-д гэрээний төслөө танилцуулсан байдаг юм. Хүмүүсийн хамаг анхаарал наадмын хурдан морьд, хүчит бөхчүүд, сурын харваа, шагай руугаа чиглэчихсэн үед ийм чухал гэрээг зүтгүүлж байлаа. Иргэний байгууллагууд ч үүнийг “Чоно борооноор гэгч болж байна” хэмээн шүүмжилж байсан юм. Үнэндээ яалт ч үгүй цөөвөр чононууд хоттой хонь руу наадмаар дайран орсон байв. С.Авирмэд гуай одоо ч үүнд дургүйцсээр яваа. Түүний удирдсан ажлын хэсэг “Оюу толгойн гэрээ бол Ашигт  малтмалын тухай хууль болон бусад хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн, үндэсний эрх ашигт илэрхий харшилсан гэрээ болжээ” гэж үзсэн юм.  Тэд энэхүү дүгнэлтээ хий хоосон сэтгэлийн хөөрлөөр хийчихээгүй юм билээ. Ганцхан жишээ татахад манайх хуулиндаа стратегийн ордын 50 хувийг төрийн мэдэлд авна гэснийг Оюу толгойн гэрээгээр огт хэрэгжүүлээгүй. Тиймээс одоо хийчихээд байгаа 34 хувийг 50 хувьтай адилтгаж хараад байгаа С.Баяр нэг бол сохор, эсвэл бүр мулгуу тэнэг амьтан болж таараад байгаа юм. Тэгээд бас болоогүй ээ,  гэрээ байгуулагч хоёр тал маргаанаа Монголд биш, Английн арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гээд байгааг нь солиотой хэрэг гэхээс өөр юу гэх билээ. С.Авирмэд нарын эдийн засгийн нарийвчилсан тооцоо судалгаан дээр үндэслэсэн дүгнэлтүүдийг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим дахин нотлоод өгсөн юм. Аливаа улс орны үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим бол парламент, Засгийн газартаа хамгийн үнэнч, ойрын зөвлөх нь болж байдаг. Тэнд тухайн орны шилдэг эдийн засагч, хуульч, бизнесменүүдийн хүчирхэг баг ажилладаг тул ийм ч байхаас аргагүй юм. Түүнчлэн улс орноо гадаадтай холбох гүүр болж олон улсын тавцанд өндөр нэр хүндтэй ажилладаг. Манай Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим ч муугүй ажиллаж байгаа. Гэвч өнөөгийн УИХ С.Баярын хор найруулгаар 2008 оны 7 сарын 1-ний үймээн самуун, улс төрийн аллагын дараа стандарт бус Засгийн газар байгуулж Оюу толгойн гэрээг монголчуудад ашиггүйгээр шийдсэн байна. УИХ-аас гэрээний талаар Засгийн газарт хандаж тогтоол гарган, чиглэл өгсөн боловч түүнийг нь бараг хэрэгжүүлээгүй. Энэ талаар ч дээрх дүгнэлтүүдэд тодорхой хэлээд өгчээ. Тэгвэл С.Баяр юу ярих гээд юу яриад байгаа юм бол оо. Стандарт бус засаглал тогтоосон шигээ стандарт бус үнэлгээгээ бусдад тулгах гээд зүтгээд байна уу. Тэгж л байна даа, стандарт бус С.Баяр гуай.  Түүний Ерөнхий сайдын албан тушаалаа Сү.Батболдод “Бие муудлаа” гэсэн шалтгаанаар шилжүүлсэн нь энэ бүхэнтэй бас холбоотой ажээ. Эдийн засгийн сэтгэлгээ, мэдлэг чадвар муутай С.Баяр нь Д.Зоригт гэгч хятад хэлний орчуулагч залууг Эрдэс баялаг эрчим хүчний сайд болгосны цаад учир шалтгааныг эндээс мөн харж болохоор байна.Тэдний хийсэн энэ гэрээ нь “Айвенхоу майнз”-аар дамжуулан Америкчуудын манайд явуулсан эдийн засгийн аллагын эхний шатны арга хэмжээ болжээ гэдгийг одоо юм ойлгодог нохой хүртэл мэдээд хуцаж байгаа ажээ. Гэтэл С.Баяр “Оюу толгой, Таван толгойн гэрээ бол стратегийн орд газрыг ашиглах жишиг болж байгаа юм” гэж хадуурч байна. Ухаандаа дараа дараагийн стратегийн ордуудаа Оюу толгойн гэрээний загвараар замнуулах нь л дээ. Хөвсгөлийн Асгатын мөнгөний ордыг Оросуудад өгөх гэж далдуур хуйвалдан “Полиметаль” компанийн захирал С.Кримовтай гэрээ хийж, дараа нь гэрээгээ цуцлуулж, удалгүй дахиад гэрээлэх гээд улайраад байсан нь ч ийм учиртай юм байна. Түүний хийсэн, ил далдуур оролцсон болгон сүүлийн үед Монголынхоо эрх ашгаас урвасан үйлдэл болж байна гэхэд хэтийдсэн болохгүй бололтой. Дорнодын ураны ордыг Оросууд С.Баярыг лоббидон бүхэлд нь эзэмших санаатай байгаа гэнэ лээ. Харин Монголд С.Баярын нэр хүнд намрын хатсан өвс адил налж унаад Оросуудыг сандаргах болсон тухай нэгэн эх сурвалж өгүүлж байсан. Ортой л байх. Мань хүн нэг удаа өнөөх архиа гудраад сууж байхдаа “Үхсэн баас, тэгж яривал энэ монголын чинь газар нутгийг худалдаж байгаад ч хамаагүй ашиг олж болно шүү дээ” хэмээн сагсуурсан гэх яриа хэсэгтээ л улс төрчдийн дунд гал авалцуулахаа дөхөж байлаа.  Өнөөдөр Оюу толгойн гэрээг луйврын гэрээ болголцсон түүнийг шударга иргэд маань шуудхан “Урвагч” гэж үзэж байна. Ер нь С.Баяр ихээхэн болчимгүй хүн юм даа.
                       С.Баяр дарангуйлагч Саддамын Монгол хувилбар уу 


 Тэрбээр TV-5-д өгсөн ярилцлагадаа мөн гол дайсан болоод байгаа Н.Энхбаярынхаа талаар ч нэлээд зүйл ярилаа.  Нэг намыг ээлжлэн атгаж явсан энэ хоёр хүн хоёулаа монголын улс төрд хар мөрөө хангалттай үлдээж яваа улс. Хэн нь ч хэнийгээ “хэрээ” гээд өөрөө “тагтаа” болох аргагүй хүмүүс гэдгийг адгийн мулгуучууд хүртэл ойлгож байгаа. Хэрвээ Н.Энхбаяр нь түүний хэлээд байгаа шиг Монголын Хосни Мубарак юм бол тэр өөрөө Саддам Хуссейний Монгол загвар байхаас зайлахгүй. С.Баяр уг нь стратегийн судалгааны ажил хийж явсан хүн Мубарак гэгч зандалчингийн талаар уншсан баймаарсан. Хосни Мубарак гэж чухам хэн юм, түүний удирдаж байсан улсад төрийн ямар дэглэм ноёлж байгааг манай жирийн иргэд ч эрхбиш мэдэж байгаа байх. Мубаракын 30 гаруй жил дарангуйлсан Египет орныг Монголтой ч, Н.Энхбаяртай ч зүйрлэхийн аргагүй. Улс төрийн тогтолцоо нь ч шал өөр. Тэнд одоо харгис хэрцгийгээрээ зард гарсан Мубаракыг шүүх гэж байна. Нас сүүдэр ная хэвийсэн Мубарак жинхэнэ дарангуйлагч гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрлөө. Жагсаал цуглаан хийж эсэргүүцсэн иргэдээ тэр буудан хороож байв. Гэхдээ манайд 2008 оны 7 сарын 1-ны шөнө 5 хүний амийг хороосон шиг буудаагүй болов уу. Мубарак өөрөө тушаал зарлиг  буулган иргэдээ буудсан гэж олон улсын ажиглагчид  үзэж байна. Үүнийг нь баримтаар нотолж, түүнд цаазын ял оноох үлдээд байгаа. Харин манайд болсон тэрхүү гутамшигт явдалд С.Баяр, Н.Энхбаяр нар хоёулаа буруутай болов уу. Одоо л бүх юм илчлэгдэх дөхөөд ирэхээр тэд бие биерүүгээ дайрч үнэнийг баримтлагч болж жүжиглэж байгаагаас биш, онц байдал зарласан тэр шөнийн бүх явдлыг хатуу хянаж байх ёстой хүмүүс нь тэд өөрсдөө байв шүү дээ. Нөгөөтэйгүүр С.Баяр гал ассан намынхаа байранд хамраа таглаад сууж байхын оронд улс төрийн болоод иргэний зориг гарган гарч очоод холбоо, хөдөлгөөний төлөөлөгчид болон үймээнд оролцогчдыг хүлээн авч уулзаж болох байсан. Гал, усанд орохоос буцахгүй, ард түмнийхээ төлөө амиа золихоос сийхгүй хүн бол жинхэнэ улс төрч байдаг юм гэнэ лээ. Адгийн хулчгарууд л ард хоцорч, дараа нь өөрөөсөө хамаг хариуцлагыг зайлуулан түлхэж, хуцдаг. С.Баяр ийм хүн болж таарч байх шигээ. Тухайн үед түүнд эх оронч чанар маш их дутагдсан. Нөгөөтэйгүүр тэр Оросын мафийнхнаас Монголд байгааг нь энэ үеэр тун овжин ашигласан гэх хардлага бий. Гэтэл одоо болсон хойно  цагдаа нарын бууны сумнаас өөр жижиг калибрийн бууны сум олдсон, үүнийг шалгаагүй шүү дээ хэмээн гайхсан дүр эсгэж байна. Магадгүй тэр өөрөө хор шарандаа хөтлөгдөн оросуудаар буудуулсан байхыг үгүйсгэх аргагүй юм. Харин чулуу зөөсөн машинуудын тухайд бол өөр байж болно. Ямартай ч С.Баяр Саддам Хуссейн шиг аймшигт аллагыг гардан хийгээгүй ч гэсэн ийм боломжийг бүрдүүлсэн хүнийн нэг мөнөөс мөн байх аа. Тиймээс ч олон түмэн түүнийг бушуухан огцруулаад шүүхэд шилжүүлэхийг шаардаж байгаа биз.  Үүнтэй холбоо бүхий сонирхолтой, ноцтой мэдээллийг ойрын өдрүүдэд Zindaa.mn сайт та бүхэнд хүргэх болно. 

Б.Отгонбаяр. Zindaa.mn   


"Оюу толгой төсөл”-ийн гэрээний талаар МҮХАҮТ-аас хийсэн дүгнэлт, санал 

“Оюу толгой төсөл”-ийн гэрээний талаар МҮХАҮ-ийн танхимаас:


-Стратегийн орд газруудыг ашиглах эрхтэй компаниудыг нээлттэй хувьцаат компаний хэлбэрээр байгуулах.
-Стратегийн орд газруудад түшиглэн байгуулсан ХК-ийн “Алтан хувьцаа”-г Монгол Улсын Засгийн газар хугацаагүй эзэмшсэн байх.
-Стратегийн орд газруудад түшиглэн байгуулсан ХК-ийн хувьцааг 100 хувь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалдаг байх.
-Стратегийн орд газрууд дээр түшиглэн байгуулагдсан ХК-иуд нь хөрөнгө оруулалтын зорилгоор саналын эрхтэй хувьцаа нэмж гаргавал Монгол улсын засгийн газрын эзэмшдэг хувь хэмжээг алдагдуулахгүйгээр үнэ төлбөргүй нэмж өгч байх зэргээр шинээр үүсэх компаниудын тулгуур нөхцөлийг бий болгон холбогдох үүсгэн байгуулалтын гэрээ хэлцлүүдийг хэрэгжүүлэх нь нийтийн эрх ашигт нийцнэ гэсэн дүгнэлт саналыг Монгол Улсын Засгийн газар болон Оюу толгойн төслийн гэрээг боловсруулах ажлын хэсэгт хүргүүлж байсан билээ.
Засгийн газар Оюу толгойн орд газрыг ашиглахаар Айвенхоу болон Рио Тинто-той Хөрөнгө оруулалтын гэрээ, Айвенхоутай хувь нийлүүлэгчдийн “нууц” гэх гэрээ байгуулахдаа дээрх зарчмыг огт баримтлаагүй төдийгүй УИХ-ын 2009 оны “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний тухай” 57 дугаар тогтоол, Монгол улсын олон хууль тогтоомжийг ноцтой зөрчиж, улс орны эдийн засгийн тусгаар тогтнолд бодитой аюул занал учруулж болохуйц гэрээ байгуулсан байна.

1.    Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасны дагуу “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь Монголын хөрөнгийн биржээр хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг арилжих” ёстой. Энэ заалтын дагуу Стратегийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүгд хувьцаат компаний хэлбэртэй байх бөгөөд Монголын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байх ёстой.
Гэтэл хуулийн энэ заалтыг хэрэгсэлгүй Оюутолгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч Оюутолгой ХХК нь хаалттай компаний хэлбэртэй байхаар гэрээ байгуулсан. Үүнээс үүдэн ашигт малтмалын баялаг ордын ашиглалтын тусгай звшөөрөл эзэмшигч этгээд өөрийн хувьцааг нийтэд санал болгох үед үнийн өсөлтөөс олж буй асар их хэмжээний орлогын 34 хувийг Монголын тал хүртэх боломжгүй болгосон бөгөөд харин Оюутолгой ордын газрыг ашиглахаар Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсаны дараа Торонто, Нью-Йоркийн бирж дээр Айвенхоугийн хувьцааны үнэ 4 дахин өсөж, 10 орчим тэрбум долларын хөрөнгө босгосон байна. Монголын засгийн газар үүний 34 хувийг эзэмшсэн бол олох байсан 4 тэрбум шахуу долларын орлогоо алджээ. Хэрвээ Ашигт малтмалын тухай хуулийн дээрх заалтыг мөрдсөн бол Айвенхоугаас жилийн 6,8 хувийн нийлмэл хүүтэй /улирал бүр өр болон түүний хүүг тооцоод дараагийн улиралд өмнөх улирлын хүүгээс хүү тооцох/ зээл авч өөрийн 34 хувьд оногдох санхүүжилтээ хийгээд олон жилийн турш ногдол ашгаараа хуримтлагдсан асар их хэмжээний өрийг төлсөөр байгаад гэрээний 30 жилийн хугацаа өнгөрөхөд 700,0 сая шахам долларын өртэй үлдэх /УИХ-ын дэргэдэх судалгааны газраас гаргасан тооцоогоор/ цөхцөл байдалд хүрэхгүй байсан билээ. Эндээс харахад Ашигт малтмалын тухай хуулийн ганцхан заалт болон МҮХАҮТ-ын дээрх дүгнэлт, саналыг хайхралгүй орхисон нь үндэсний эдийн засагт ямар их хэмжээний хохирол учруулж байгааг илэрхий харууллаа.  

2.    Айвенхоутай байгуулсан нууц гэгдээд байгаа хувь нийлүүлэгчдийн гэрээний 15.3(B) дэх заалтад Ашигт малтмалын тухай хуулийн 5.6 дахь заалтын дагуу компаний хувьцааны 10 хувийг Монголын хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг зөвхөн Монголын тал хариуцана гэсэн Монголын талын энгийн хувьцааны эзэмшлийн хувийг 24 хувь болгон буулгаж, УИХ-ын 57 дугаар тогтоолоор баталсан “Оюутолгой ордыг ашиглах хөр өнгө оруулалтын гэрээний тухай тогтоолын 1-р заалтыг зөрчих нөхцөл бүрдүүлсэн.

3.    Хувь нийлүүлэгчдийн гэрээний 10.2(B) заалтын дагуу аль ч үед энгийн хувьцааны нийт хөрөнгөд эзлэх жин 60 хувиас хэтрэхгүй гэсэн заалт нь Монголын талын эзэмшил компаний нийт хөрөнгөнд хамгийн дээд тал нь 20,4 хувь (60%*34%=20,4%) байх хязгаарлалт тавьж, УИХ-ын 57-р тогтоолын 1-р заалтыг зөрчих нөхцөл бүрдүүлсэн байна.  

4.    УИХ-ын 57-р тогтоолын 2-р заалт нь Засгийн газарт Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн байгуулах үүрэг өгсөн боловч Хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг болох хувь нийлүүлэгчдийн гэрээ нь Монгол улсад хууль тогтоомжийг дараахь байдлаар зөрчсөн. Үүнд:
Хувь нийлүүлэгчдийн гэрээний 9,1, 10,1(a) заалтууд нь Компаний тухай хуулийн 3,3, 33,1 дэх хэсгүүдэд тодорхойлсон хувьцаа эзэмшигчийн хөрөнгө оруулах үндсэн эрхийг хязгаарласан.
Хувь нийлүүлэгчдийн гэрээний 15,10 (г) заалт нь Монголын талын хувьцаа эзэмшил 50 хувьд хүрсэн тохиолдолд ч Айвенхоу майнз нь менежментийн эрхийг бүрэн хэмжээгээр, хязгаарлалтгүйгээр хадгалах бөгөөд компаний ТУЗ-ийн бүх хурал болон хувь нийлүүлэгчдийн бүх хуралд заасан асуудлаар шийдвэрлэх саналын эрхтэй байна гэж заасан нь Компаний тухай хуулийн 3,3, 33,1, 33,5 хэсгүүдэд тодорхойлсон хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааныхаа тоогоор санал өгөх үндсэн эрхтэй гэсэн зарчмын ач холбогдолтой заалтыг зөрчсөн.
Хувь нийлүүлэгчдийн гэрээний 6,2(a), 6.4(c) заалтуудын дагуу зөвхөн Айвенхоу майнз группын аль нэг компанийг маш өндөр төлбөртэйгөөр /гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлснээс хойш дээрх зардлын 6 хувиар/ менежментийн баг хэмээх нэр доор хөлслөх шардлага тавьсан нь Компаний тухай хуулийн 89 дүгээр зүйлийн заалтыг зөрчсөн сонирхолын зөрчилтэй хэлцэл болсон бөгөөд компаний нийт зардлыг маш их хэмжээгээр өсгөх, тэр хэмжээгээр Монголын талын өрийг өсгөхөд хүргэх заалт болсон. Эдийн засагчдын тооцолсноор зөвхөн 1 жилийн менежментийн хөлс гэгч нь Монголын бүх төрийн албан хаагчдын 2 сарын цалинтай тэнцэж байна.
Гэрээний 14.2(в) заалт нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.8-д заасан Засгийн газрын бүрэн эрхийг хэрэгжүүлэхгүй байхаар зааж мөн хуулийг зөрчсөн байна.
Гэрээний 15.10 (б) заалт нь УИХ-ын 57-р тогтоолын 3-т анхын хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааг 50 хувь хүргэх гэсэн заалтыг зөрчиж, энэхүү гэрээг анх удаа сунгасны дараа буюу 30 жилийн дараа хэрэгжүүлэхээр зохицуулж, уг заалтыг шууд зөрчсөн.
Хувь нийлэгчдийн гэрээний 15.6 (a)-д Оюу толгой төслийн хэрэгжих хугацаанд “Эрдэнэс МГЛ” компанийг 100 хувь төрийн өмчлөлтэй байна гэж заасан нь өмч хувьчлах тухай бодлогыг тодорхойлох талаар УИХ-ын хуулиар олгосон эрхийг хязгаарлах заалт болжээ.
Хувь нийлүүлэгчдийн гэрээний 5.2-т Компаний тухай хуулийн 12 дугаар бүлэг буюу Сонирхолын зөрчилтэй хэлцэл хийх журам тогтоосон хэсгийг хэрэглэхгүй байхаар компаний дүрэмд тусгана гэж  заасан нь Компаний тухай хуулийг шууд зөрчсөн байна.
Түүнчлэн Хувь нийлэгчдийн гэрээг хөрөнгө оруулалтын гэрээний салшгүй хэсэг байхаар үйлдсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 29.4, 30.4 хэсгүүд, УИХ-ын 57-р тогтоолын 2-р заалтыг хэрэгсэхгүй байх нөхцөл бүрдүүлсэн. Мөн Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11.5(b)-д давуу эрхийн хувьцаа эзэмшигч нь хувьцаагаа бүрэн захиран зарцуулах эрхтэй байхаар заасан нь Монголын талтай Оюу толгой ордыг хамтран эзэмшигч этгээд нь анхлан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсанаас өөр этгээд болох, уг ордын хувь эзэмшлийн дийлэнх хувийг цаашид өндөр үнээр авах болон барьцаанд тавих боломжийг Айвенхоу-д олгосон байна.
Энэ бүхнээс дээрх хоёр гэрээний бүтэц болон агуулга нь УИХ-ын 2009 оны 57-р тогтоол болон Монгол улсын хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн буюу хэрэгсэхгүй байх, Оюу толгой ордыг эзэмших Монголын талын хувь эзэмшлийг уусган багасгаж, уг ордын хяналтыг алдах, Монголын талын хувь эзэмшлийг хөрвөх чадваргүй болгож олон улсын зах зээл дээр хувьцааны үнэлгээний өсөлтөөс орлого хүртэх боломжгүй болгох, их хэмжээний өндөр хүүтэй зээлийг Монголын тал зөвхөн Айвенхоу компаниас авч, санхүүгийн хараат байдал үүсэх зэрэг ноцтой сөрөг үр дагавар дагуулж байгаа нь илэрхий байна.
Эдгээр гэрээгээр УИХ-ын шийдвэрийн болон Монгол улсын хууль тогтоомжийн дагуу хүртэх ёстой орлого эрс багсан, олон жилийн туршид ямар ч ашиг хүртэлгүй зөвхөн Айвенхоугаас авсан зээл, түүний улирал тутам тооцож хуримтлуулсан өрийг төлсөөр байх нөхцөл бүрэлдсэн байгаа нь Монгол улсын үндэсний аюулгүй байдал, үндэсний эрх ашиг, эдийн засгийн хараат бус байдалд харшилж байгаа тул тус хоёр гэрээг эргэн харах, цуцлах хүртэл арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. 

МҮХАҮТ


       

   
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top