“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Барс”ын Ч.Амарбаатар нарын хүүхдүүд бусдыг зодож, дээрэмджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

 «Эрэл» группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан, «Барс» захын эзэн Ч.Амарбаатарын хүү А.Билгүүн нар өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны шөнө 23 цагийн үед бусдыг бүлэглэн зодож, танхайрсан тухай мэдээлэл бидэнд олдов. Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Central tower”-ийн 17 давхар дахь Sky longe баараар үйлчлүүлж явсан хүмүүст эр бяр, эрх мэдлээ гайхуулж танхайрсан тэд бусдыг бүлэглэн зодоод зогсохгүй нүүрэн тус газарт нь хутгалж, зүүж явсан үнэт эдлэлийг нь хүртэл дээрэмдсэн байна. Мөн тэдэнтэй хамт хөгжмийн зохиолч н.Зуундарь агсны хүү З.Тэлмүүн, уул уурхайн салбарт хүчтэй яваа томоохон компанийн ерөнхийлөгчийн ууган хүү байлцаж, зодооны гол дүрд тоглосон талаар энд дурдахгүй байхын аргагүй. Тэгвэл Монголын цуутай хөрөнгөтнүүдийн тоонд зүй ёсоор багтах Б.Эрдэнэбат, Ч.Амарбаатар нарын эрх дураараа хөвгүүдэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хошууч н.Бурмаа шалгаж байгаа юм байна. Бид хошууч н.Бурмаатай утсаар холбогдож Э.Жаргалан, А.Билгүүн нарын үйлдсэн хэрэг бодитой эсэхийг лав-лахад “Тэдний хэргийг би шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж буй учраас ямар ч зүйл хэлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн юм. Үүнээс үзвэл Б.Эрдэнэбат, Ч.Амарбаатар нарын хүүхдүүд зодоон, дээрэм хийж танхайрсан нь үнэн боловч хөрөнгөтэй айлын хүүхдүүдэд холбогдох хэрэг цаашдаа замхарч болзошгүй байгаа аж. Учир нь Б.Эрдэнэбатын хүү Э.Жаргалан нарын залуусын гол дүрд нь тоглосон танхайн хэрэг үүгээр дуусахгүй, бас анхных нь ч биш. Арлын оронд байтугай дэлхийд нэр алдраа дуурсгасан, шаггүй зоригтой, зодоонч гэдгээрээ цуутай Их аварга Д.Дагвадоржтой River sounds бааранд тааралдахдаа буу тулгаж явсан Э.Жаргаланд Монгол Улсын хууль үйлчилдэггүй гэж болно. Хэр баргийн хүн халдаж ойртох нь битгий хэл, бараа сүрээс нь айж, халширдаг Их аваргад хүртэл буу тулгасан гээд бодохоор Э.Жаргалан гэгч эр хязгааргүй зоригтой, бас өөрийн хөрөнгө мөнгө, ар талдаа тун их найддаг нэгэн бололтой. Магадгүй хоёр идэж, хоосон хонодоггүй жирийн айлын хүү хэн нэгэнд буу тулгасан бол аль хэдийнэ ял аваад “аавын хаалга” татсан байх биз.Түүнчлэн Э.Жаргалан, А.Билгүүн нарын хамгийн сүүлд зодоон хийсэн Sky longe баарны зөөгч бүсгүй “Наад залуус чинь их сонин. Зүгээр кола уугаад л согтоод байдаг” гэж ярихыг олон хүн сонсчээ. Наад муугаа алаад өг, би арыг нь даая гэж зодооны үеэр “баян залуус”-ын нэг нь хашгирах нь ч сонсогдсон байна. Мэдээж кола уугаад согтдог хүн байхгүй, тэгээд ч Их аварга Д.Дагвадоржид буу тулгах зориг, алаад өг гэж адгуус шиг архирах араншин хэр баргийн аавын хүүгээс гарахгүй. Иймээс Э.Жаргалан мэтийн залуусын зүрхийг чангалдаг өөр төрлийн бодис байж болох юм. Юутай ч машиндаа гурав гурван хамгаалагч чихэж аваад баар хэсч, зодоон хийдгээс эхлээд Э.Жаргалан, А.Билгүүн нартай холбоотой танхай үйлдэл    тасрахгүй их юм билээ. Зодооныг эхлүүлээд, барахгүй болвол машиндаа хүлээж суугаа бие хамгаалагчдыг өмнөөсөө зодолдуулдаг тактиктай тэдний гарт ирээдүйд хэн ч үр хүүхэд, хань ижил, найз нөхдөө алдаж магадгүй байна. Өнөөдөр буу тулгаж, хүн хутгалж чадсан залуус маргааш гэмгүй нэгнийг алчихаад хэнэг ч үгүй хуулийг худалдаж авснаа гайхуулж явахыг үгүйсгэхгүй шүү дээ. Тиймээс сайн эцгийнхээ нэрийг хэдэнтээ худалдаж идэхээс буцахгүй, зах замбараагаа алдсан хүүхдүүдээ одооноос зөв замд оруулах эсэхийг ноён Б.Эрдэнэбат, Ч.Амарбаатар нар  хэнээр  ч  хэлүүлэхгүй мэдэх байх. Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс цааш гэдэг болохоор адгууснаас дор араншинтай хүүхдүүдээ хүний аминд хүрч, бусдыг биегүй, амьдралгүй болгохоос өмнө дорвитой анхаарал тавихыг эцэг, эхийн үүрэг, хариуцлага гэж сануулах нь бидний зөв биз ээ.Тэгээд ч мөнгөөр худалдаж болдоггүй эрүүл мэнд, амь амьдрал, сэтгэл зүрх гэж байдгийг хөрөнгөтэй айлын хөөргөн сэтгэлтэй залуус ухамсарлах цаг болсон юм биш үү. Хөрөнгө мөнгөтэй байх тусмаа ядарч, зүдэрсэн хүмүүст тус дэм болж, дэмжиж явбал энэ насны бөгөөд хойд амьдралын буян байх атал бүгдийг хайр найргүй хэмхчиж, гэмтээж, доромжилж явах нь сайны ёр лав биш. Нөгөөтэйгүүр хөрөнгө, мөнгөтэй л бол муу муухайн жишээ байх ёстой гэж үү. Үлгэр жишээч, өөртөө итгэлтэй,         боловсролтой, бусдыг гэх сэтгэлтэй, өрөвч, нинжин зүрхтэй, нэг үгээр хэлбэл нийгмийг байлдан дагуулах ухаан, ур чадвартай залуус олон байгааг Э.Жаргалан,    А.Билгүүн  нарын хэсэг бүлэг нөхөд толгойдоо хийх хэрэгтэй. Ер нь хүн баян байж болно, баярхуу байж боломгүй, зодоонч байж болно, дээрэмчин байж болохгүй л биз дээ. Зуун цаас олохын жаргал, зовлонг мэдэхгүй, ёстой л “горшок”-ноосоо салаагүй энэ мэт залуус нийгэмд даанч их олширсон нь харамсалтай.

Баян хүнийг балаг тойрдоггүй гэж үнэн юм даа.     

Эх сурвалж: Өглөөний сонин   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top