Тагнуулч Б.Хурцын хэрэг хэзээ эцэслэн шийдэгдэх, Монголдоо түүнийг хэдийд авчрах нь тодорхойгүй хэвээрээ байна. Тэрээр Дамирангийн Энхбатыг Европын холбооны гурван улсын хилийг дамнуулан Францаас хулгайлж авчирсан билээ. Түүнийг манай тагнуул, цагдаагийнхан талийгаач З.Зоригийн хэрэгт хүчээр холбогдуулан ийнхүү шалгахдаа хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн хэмээн өмгөөлөгч Санжаасүрэн удаа дараа мэдэгдэж байв. Ингэснийхээ төлөө Санжаасүрэн ч бас шоронд ороод авсан. Удалгүй Д.Энхбат шоронгоос гараад хэдхэн хоноод хүнд өвчний улмаас талийгаач болсон юм. Эдгээр ээдрээтэй хэрэг, хүний эрхийн зөрчлийг судлахаар хэдэн жилийн өмнө НҮБ-ын хүний эрхийн тусгай илтгэгч хүртэл биеэр ирж Санжаасүрэн, Энхбат нартай уулзаж, Монголд хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа талаар дэлхий нийтэд мэдээлж байлаа. Монголын тагнуулын албаныхны хүн хулгайлсан хэрэг Англи, Герман, Францын хуулийн байгууллагын анхаарлын төвд орсон юм. Б.Хурц үүний төлөө ял сонсох гэж байна. Д.Энхбатын хүүхдүүд одоо Германд амьдарч байгаа. Энхбатын Золбоо, Золбообаяр хоёр нь саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарт хандан эцгийнхээ нэр төрийг сэргээлгэх, амь насыг нь нэхэмжлэх талаар өргөдөл ирүүлжээ. Тэд өргөдөлдөө “Бидний эцгийг хэлмэгдүүлж хохироосон үйлдлийг зохион байгуулалттай аллага байсан гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд энэ хэргийн ард их олон хүн холбоотой гэдэгт мөн итгэлтэй байна. Б.Хурц гэдэг тагнуулын ажилтан өөрийн санаачлагаар Франц улсыг зорин хүн хулгайлах санал гаргаагүй нь ойлгомжтой. Эдгээр хүмүүст үүрэг өгсөн хүн хэн бэ гэдэг нь одоог хүртэл нууц байгаа нь хачирхалтай байна. Бидний өргөдөлд хариу өгөхгүй байгаа тул бид олон улсын хүний эрхийн байгууллагад хандаж сэтгэл санааны хохирол төлүүлэх өргөдөл гаргах болсноо дуулгая” гээд эцгийнхээ нэр төрийг нэн даруй сэргээлгэхийг дээрх гурван хүнээс шаарджээ. Түүнчлэн “...хүчний байгууллагын ажилтнуудад тушаал өгч, хууль бус хэрэг үйлдүүлсэн эрхэм албан тушаалтнуудыг шалган тогтоож тэднээс сэтгэл санааны хохирол болон эцгийнхээ амь насыг 3 сая евротой дүйцүүлэн нөхөн төлбөр олгохыг албан ёсоор нэхэмжилж байна” гэжээ. Өнчирч хоцорсон хүүхдүүд нь ийнхүү шаардах, хүсэх эрхтэй. Олон улсын хүний эрхийн байгууллага ч үүнд гойд анхаарч байгаа ажээ. Харин манай дарга нар шаардлага, хүсэлтийг ёсоор болгох л үлдэж байна. Б.Хурцыг Англид баригдсаны дараахан Гадаад харилцааны яамны хэлтсийн дарга Монхоо гэгч нь “Тагнуулын ажилтнуудад тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Энхбаяр үүрэг өгч явуулсан” гэсэн утга бүхий мэдэгдэл гаргаж байлаа. Үүнийх нь хариу болгож Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр саяхан телевизийн сэтгүүлчийн асуултанд хариулахдаа “Манай Гадаад харилцааныхан ийм зүйл ярьснаараа өөрсдөө улсын нууцыг задалж байна” гэсэн юм. Түүний энэ үг “Би тушаал өгсөн” гэсэнтэй нэг талаар адилхан байна. Нөгөөтэйгүүр С.Зоригийн хэрэгт холбогдуулан хүний эрхийг аймшигтайгаар зөрчсөн тагнуулчдынхаа талаар мэдээлэл өгөх ёсгүй гэсэн санаа ажээ. Гэхдээ Гадаад харилцааны яам ор тас худлаа зүйлийг мэдээлэх учиргүй. Тус яам дипломат ёс горимыг хатуу сахиж, ямар ч нөхцөлд хуулийн дагуу ажиллан эх орныхоо нүүр царай болж байдаг юм. Монхоогийн үг эцсийн эцэст нууцтай хамааралтай байсан бол түүнийг барьж аваад, шоронд хорьж, ял сонсгож болох байлаа. Ийм ажлыг ямар манай хүчнийхэн хийж сураагүй биш. Хэтрүүлнэ үү л гэхээс дутаана гэж байхгүй шүү дээ, цаадуул чинь. Тэгвэл одоо Д.Энхбатын хүүхдүүдийн дээрх өргөдөл Н.Энхбаярын хоолойд тээглэсэн яс болж байна. Б.Хурцыг Английн шүүх дээр өмгөөлөх гэж манай улс “Алтан дорнод Монгол”-ын Паушоктой заргалдахдаа өмгөөлөгчид төлсөн мөнгөнөөс ч илүү мөнгө төлөх төлөвтэй байна. Түүнээс гадна хүн хулгайлах хэргийг Б.Хурцтай хамтран үйлдсэн гурав дөрвөн хүн эх орондоо байхгүй, гадагшаа зугтаагаад явчихсан тухай мэдээлэл бий. Тэднийг олж авчрах, шүүх, өмгөөлөх гээд мөн ч их зардал чирэгдэл болох нь ээ. Гэхдээ хамгийн гол нь бодит үнэнийг тогтоох, ингэхдээ дахиад хэн нэгнийг хилсээр хохироохгүй байгаасай. Н.Энхбаяр үнэхээр тийм шийдвэр гаргасан бол хариуцлага үүрэх ёстой. Мөн түүний доор тагнуулын мэргэжлийн ажилтнууд, бүхэл бүтэн баг ажиллаж байсан байж таарна даа. Өөрөөр хэлбэл, энэ бүхнийг эцэслэхийн тулд Монголын тагнуулын байгууллагыг бараг бүхэлд нь “самарч” байж асуудлын мөн чанарыг гаргаж ирэх болж байна. Улс төрийн хүрээнийхэн дотор ч үүнтэй холбогдох хүн цөөнгүй бий. Тэднийг илчлэх нь бас эдгээрээс төвөгтэй болж магадгүй. Ямартай ч талийгаач Д.Энхбатын хүүхдүүдийн өргөдлийн хариу, шийдэл энэ бүхнээс гарна. Нөхөн төлбөр ч эндээс шийдэгдэх болж байна.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )