Эртний Италид жил бүр Апполлон тэнгэрт тахил өргөснийхөө дараа гал дээгүүр явж охин тэнгэрийн бөө нар ёслол үйлддэг байжээ. Тэд огтхон ч түлэгддэггүй байсан гэдэг. Энэ ёслолыг эдүгээ Болгарт хийдэг нь бас сонирхолтой. Эрүүл энх, үржил шимийг тэтгэгч ариун Константин, Елена нарын баярт зориулсан эл ёслолын өмнөхөн эрчүүд талбайд мод бэлтгээд асаана. Мод шатаад цог үлдэхэд эмэгтэйчүүд хөгжмийн хүчтэй аянд нүцгэн хөлөөрөө час улаан цогон дээр бүжиглэнэ. Цогны халуун 400-500 градус байдаг ч тэдний хөл огт түлэгддэггүй. Тэднээс учрыг асуухад "Бид өөрсдөө ч мэддэггүй. Хөгжим эхлэхтэй зэрэг хөл минь цусгүй болж, модон юм шиг санагдаад агаараар нисэж буй адилаар л цогон дээгүүр явдаг" гэж хариулсан байх юм.
Энэ сонин үзэгдлийн талаар хэд хэдэн тайлбар байдаг аж. Арьсны сүвнээс ихээр гарч буй хөлс хөлийг түлэгдэхээс хамгаалдаг гэдэг. Зарим эрдэмтэд өөрийгөө үнэмшүүлэх явдлаар тайлбарладаг. Бас зарим нь "гал дээгүүр явагсад" хөлийнхөө тавхайд ямар нэгэн нууц бодис түрхдэг гэж үзэж түүнийг нь эрдэг. Мөн хөл нь цогонд дөнгөж хүрч буй хурдан бүжгийн тус юм гэж үзнэ. Гал дээгүүр “явахыг” Номхон далайн орчмынхон тэсвэрлэж давдаг төдийгүй европчууд ч чаддаг аж. "Надад ямархуу байснаа хэлэхэд хэцүү байна. Нэг л юмыг баттай хэлэхэд би улайссан чулуун дээгүүр явж байгаа гэдгээ мэдэж байв. Чулуунууд тэсвэрлэх аргагүй халуун байсныг мэдэрч байлаа. Гэлээ ч би огтоос түлэгдээгүй. Чулууны хурц ирмэг дээр гишгэх вий гэж, бас уначих вий гэж л айж байсан. Ганц мэдрэгдэж байсан юм гэвэл цахилгаан гүйдлээр цохиулж буй юм шиг янзтай хөнгөнөөр хатган өвдөх явдал хэдэн цаг үргэлжилсэн" гэж тэрхүү гал дээгүүр явагч ярьж байсан гэдэг. Энэтхэгийн "гэгээнтнүүд" дусал ч цус гаргалгүй хөл, хацраа хутгаар нэвт шувт хатгадаг. Туркийн хэсүүл лам нар биендээ хадаасны толгой шаан оруулдаг. Энэ бүхэн нь баттай баримтаар нотлогдсон юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа физиологичид хүн өөртөө байхгүй ийм шинж чанарыг өөртөө бий болгодгийн учрыг мэдэж ч болно. Дээр үед мбенг овгийн эрчүүд гал дээгүүр явдгийн нууц ч тайлбарлагдана гэж эрдэмтэн Аттеборо бичсэн байна.
Калифорны Роберт Форстер гэгч эр усан доор 13 минут гаруй хугацаа өнгөрүүлж рекорд тогтоосон байна. Энэ амжилтыг тогтоохынхоо өмнө тэрээр 30 минут цэвэр хүчилтөрөгчөөр амьсгалсан гэдэг. Энэ бүхнээс үзвэл хүний хүчин чадал цаглашгүй их байдаг бололтой. Нэг сонин түүх хүүрнэе. Нью-Йоркийн нэгэн оршин суугч яагаад ч юм шагай нь хавдаж өвдлөө хэмээн эмнэлэгт очиход шинжлэн үзээд ходоодноос нь 258 зүйл гаргаж авчээ. Пивоны бөглөө авдаг хэрэгсэл, 26 түлхүүр, гурван хос эрхи гэх мэт зүйл байсан гэдэг. Харин шагай нь огт өвчингүй байжээ. Энэ нийтлэл нь уг чанартаа иогчдын тухай бичлэг гэдгийг төвөггүй ойлгосон буй заа. Илбэчид, мэхлэгчид, гипнозчдын зэрэгцээгээр жинхэнэ иогчид байгаа бөгөөд тэдний ер бусын чадвар, сургуулилт, бидэнд мэдэгдээгүй байгаа сав ертөнцийн шавхагдашгүй нууц ажээ.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )