Дахиад баривчлагдсан “Анод”-ын гурваас илүү том луйварчид байж л байна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

“Анод”-ын хэргээр мөрдөгдөж байгаа Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа нарыг дахиад баривчилжээ. Тэдний хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасагт  шалгаж байлаа. Тэгтэл өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Баянзүрх дүүргийн ерөнхий шүүгч тогтоолоо гарган энэ сарын 2 буюу өчигдөр, хоёр хоногийн дараа гурвууланг нь баривчилсан байна. Ингэх болсон гол шалтгаанаа шүүгчид анх хүсэлт гаргасан мөрдөн байцаагч Б.Оюутболд, хяналтын прокурор Х.Базаррагчаа нар тодорхой тайлбарласангүй. Өмгөөлөгч Оюунбилэг нь ч ийм шийд гарсныг хожуу мэдээд яг баривчилж байх үеэр нь тэдэн дээр очсон гэнэ. Тэрээр учрыг лавлахад тэд  “Мөрдөн байцаалтанд саад учруулж болзошгүй” гэхээс өөр тоймтой юм яриагүй байна.  Үүнээс гурав хоногийн өмнө Н.Даваа нэгэн сонинд ярилцлага өгсөн байлаа. Уг ярилцлагадаа тэр “Манай Иргэний хөдөлгөөний намаас Сүхбаатарын талбайд гэр барин тэмцэл хийж байгаа иргэний байгууллагуудыг дэмжиж, санхүүгийн туслалцаа үзүүлэхээр компаниудаас мөнгө цуглуулна” гэсэн байв. Эдгээрээс үзэхэд тэднийг улс төрийн шалтгаанаар баривчилсан гэх магадлалтай ажээ. “Анод” банк дампуурахад тэдгээр дарга нарын буруутай үйл ажиллагаа байсан нь тодорхой. Гэхдээ “Анод”-ыг татаж унагахад хувь нэмэр оруулсан хүмүүс бас бий. “Монгол газар”-ын Мянганбаяр мэтийн том зээлдэгч нар “шавар” болсон гэдэг юм билээ. Мөн одоо ч УИХ-д сууж байгаа Дамба-Очир гишүүн анхнаасаа тус банканд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллаж байхдаа 4,2 тэрбум төгрөг зээлээр аваад төлөөгүй яваа гэнэ. Тэгвэл тэр ч бас энэ хэрэгт ямар нэг байдлаар холбогдох байсан болов уу. Ер нь Н.Даваа нараас илүү ихийг луйвардсан хүн УИХ-д ч, төрийн бусад байгууллагад ч олон байгаа. Гэвч “Анод”-ын дээрх гурван хүнийг жагсаал цуглааныг  дэмжсэн гээд цагдан хорьсон бол энэ нь улс төрийн зорилго чиглэлтэй зүйл болж байна. Үүнийгээ цагдаа нараар дамжуулан гүйцэтгэсэн улс төрийн хүчин байж таарна. Тэрийг таах гэж тархиа гашилгах хэрэггүй байх. Мэдээж огцрохыг нь шаардаад байгаа МАН-АН-ын томчууд л ийм арга хэрэглэсэн биз ээ. 

Х.Тулга. Zindaa.mn    

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top