Шүлэг: Эрчүүдээ өмөөрч бичсэн нинжин сэтгэлийн шүлэг

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 03

 

Мөнхөөгийн Билэгсайхан

Говь-Алтай аймгийн Алтай суманд 1965 онд төрсөн. Уран бүтээлээ 90-ээд оноос эхэлж “Хар азаргын нуруу”, “Сүүний үнэртэй хорвоо” зэрэг шүлгийн ном хэвлүүлжээ. Билэгсайхан “Болор цом” яруу найргийн наадамд удаа дараа шагналт байранд орж, үзэгчдийн шагналыг хүртжээ. Монголын радио телевизэд сэтгүүлчээр ажиллахын хамт олны таашаал хүлээсэн сайн шүлэг найраглалаа бичсээр яваа энэ үеийн авьяаслаг найрагч юм.

 

 

Эрчүүдээ өмөөрч бичсэн нинжин сэтгэлийн шүлэг 

Эр нөхрөө та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ

Халуун залуу насыг нь

Хамтарч элээснээ бод оо

Хайрын галзуу дурлалд

Хамт элэгдсэнээ болгоо

Өөрийг чинь ээж болгосон

Эрийн тэнгэр шүү дээ тэр чинь

Үрийн чинь эцэг болсон

Хүний дээд шүү дээ хөерхий

Эр нөхрөө та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Хичнээн жил амьд явахаа мэдэж болдоггүй орчлон дээр чинь

Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах вэ

Хазайсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр ивээс болдог юм

Хальтарсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж нөхөр болдог юм

Уул шиг юм гэж дандаа битгий давар

Үүл шиг нүүгээд явчихдаг юм

Ус шиг уян гэж дандаа битгий самар

Уур шиг дэгдээд явчихдаг юм

Төгөлдөр их урмыг нь бүр хугалчих юм бол

Төрсөн шигээ тэд нар чинь уруугаа хараад уначихдаг юм

Дээл бүсэн гоёлтой дээрээ малгай хийморьтой

Андынхаа дэргэд цовоожиж

Аавынхаа харцанд томоождог

Янагийн сэтгэлд нялхардаг эрчүүдийг

Янжинлхамууд минь өршөө

Олон олон авааль гэргий та нараасаа

Олон олон аавын хөвгүүдийг

Өмөөрч бичсэн шүлгийг минь өршөө

Өөрсдөө та нар нөмөрт нь жаргаа

Эр нөхрөө та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ

Эрдэмт хөвгүүд нь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ

Эр нөхрөө та нар хааяа ч болов өршөө

Эрлэгт явахаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ

Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top