Энэ хэдэн “колонк”-ийн дарга нар монголчуудыг дахиад дарамталж эхэллээ. Орост шатахууны хомсдол болсон юм гэнэ. Хойд ах нар маань ийнхүү мэдэгдэхийн сацуу нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортыг тодорхойгүй хугацаагаар зогсоожээ. Гэхдээ монгол дүү нараа шатахуунаар таслахгүй гэсэн юм байх. Тэд эдийн засгийн харилцаандаа урьдынхаасаа илүү уян хатан болсны шинж болов уу. Монголоос “гуйх” юм ихтэй тул шатахуунаа нээлттэй үлдээжээ. Уран, мөнгө, нүүрсний ордыг хамтран ашиглах том эрх ашиг биднийг ийнхүү харж үзлээ. Энэ талаар манай холбогдох яам, газрын дарга нар ч ам уралдан мэдэгдсэн. Гэвч өнөөх колонкийн дарга нар үүнийг үл тоов. Оросуудын нааштай шийдвэр нэмэр болсонгүй. Шатахууны үнэ 80 төгрөгөөр нэмэгдээд хэд хонож байна. Дураараа үнэ нэмсэн “колонк”-ийн дарга нарыг хэн ч зандарч, монополдохыг нь болиулж дөнгөсөнгүй. Монголд одоогоор НИК, Петровис, Магнай трейд, Шунхлай групп, Сод Монгол, Жаст ойл, Ойн бирж гэсэн хэдэн том “колонк” бий. Колонк хэмээн хуучин цагийн хэллэгээр шатахуун түгээх, хадгалах байрыг нэрлэдэг байлаа. Одоо ч зарим иргэд маань колонкоос бензин авна гээд давхиж л байгаа. “Колонк”-ийн дарга нар буюу дээрх аварга акулууд хоорондоо юу яагаад ихэрлэсэн юм шиг яг нэгэн зэрэг цөмөөр адилхан 80 төгрөгөөр шатахуунаа нэмсэн нь гайхалтай. Ядаж Сод Монгол нь 50 төгрөг, НИК нь 52 төгрөг, Петровис нь 5 төгрөг гэх мэтээр ялгаатай тогтоох боломжгүй бололтой. Заавал нэг өдөр, нэг цаг минутанд ижил үнээр шатахуунаа нэмж санаа нь амарч байна. Тэд хэнд ч захирагддаггүй шигээ хэнийг ч хайрладаггүй ажээ. Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газар гэж байгаад ч нэмэр алга. Тэр жил бас л ингэж заваарч байсан. Хүмүүс санаж байгаа байх аа. Хоёр жилийн өмнө шиг санаж байна, эд нар яаж аашилсан билээ. Шатахуунаа цөм 170 төгрөгөөр нэмэхэд нь хяналтын байгууллагаас шалгаж, үндэслэлгүйгээр нэмжээ гээд нэмүү үнээр зарсан шатахууны орлогыг улсын орлого болгох гэтэл бүгдээрээ луу унжицгааж байсан. Засгийн газар тэдгээр нефть импортлогч компанийн захирлуудтай биечлэн уулзаад ч нэмэр болоогүй. Тэгэхэд Ерөнхий сайд С.Баяр байсан шүү дээ. Нефть импортолдог энэ хэдэн компаниудын зээлийн хүүгийн нөхөн олговор гээд 3.5 тэрбум төгрөг хүртэл засгаас гаргаж өгөөд байхад хуншгүй зан гаргаж үнийг нэмсэн. С.Баяр тэдэнд юу ч хэлж чадаагүй. Дэмий л “учир шалтгаан” хэмээх тэдний улиг болсон зүйлийг “анхааралтай” сонсоод өнгөрч билээ. Үүнийг дурсахын учир гэвэл ерөөсөө манай төр, засгийнхан энэ хэдэн “колонк”-уудынхаа атганд багтаж, аманд нь яваад орчихжээ. Тиймгүйсэн бол сая таван сарын нэгнээс эхлээд үнэ нэмэхийнх нь өмнөхөн Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Түлшний бодлогын газраас “Оросууд нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортыг зогсоосон нь Монголд огт хамаарахгүй болсон. Засгийн газраас нь албан ёсоор лавлахад манай улсад нийлүүлэлтээ хэвээр нь байлгана гэсэн хариу өгсөн шүү дээ” гэж мэдээлсээр байхад колонкууд хэдэн өдөр ч гэсэн нэмэгдсэн үнээр шатахуунаа зараад ашиг олъё гээд чихээ бөглөн дайрчихлаа. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах байгууллагууд тэднийг яагаад ч хазаарлаж чадахгүй ажээ. Яагаад гэхээр колонкийн дарга нар нь эрх баригч намууд болон Засгийн газарт маш том нөлөөтэй. “Шунхлай”-н Г.Батхүү гэхэд л АН-ыг санхүүгээр тэтгэдэг, УИХ-ын дэд дарга, нам дотроо нөлөө бүхий хүмүүсийн нэг юм. НИК-ийн Оюунгэрэл хатагтай мөн МАН-ын бага хурлын гишүүн, бас л намдаа томоохон хөрөнгө оруулагч. Түүний ард талийгаач Ш.Отгонбилэгийн эхнэр, УИХ-ын гишүүн асан Туяа бий. “Сод Монгол”-ын Анандбазар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, МАН-ын муугүй хандивлагч ажээ. Харин “Петровис” бол “Энержи Ресурс”-ээс улбаатай Ерөнхий сайд Сү.Батболдын “хяналтан”-д байгаа компани юм. Тэгвэл “Жаст”-ын Батхүүг С.Баярын хүн гэдэг ажээ. “Магнай трейд”-ийн Ганзориг МАН-АН-д тэнцүүхэн үйлчилдгээрээ бусад “колонк”-уудаасаа ялгардаг онцлогтой гэнэ. Ингээд харахаар биднийг байнга дарамталдаг энэ хэдэн “колонк”-ийн боссууд цөмөөрөө улс төрийн том хүрээлэл дунд хөрвөөж, хөлбөрч байгаа биз. Засгийн газар дийлэхгүй байгаагийн гол учир жанцан үүнд л байна. Өөрөөр хэлбэл, манайдаа овоо хөөрхөн мафийн сүлжээ болоод байгаа юм. Тэдэнд шударга бус өрсөлдөөний тухай хууль мууль яриад огтоосоо нэмэргүй болжээ. Хоорондоо маш зузаан холбоотой. Яг л тушаал авсан цэргийн хүн шиг ярс хийтэл үнэ нэмдэг. Гэнэтийн ийм нэмэлтээс хэн нь ч хоцордоггүй. Нэг мөнгөний ч зөрүүгүйгээр үнэ нэмж биднийг мөлждөгөөрөө бусад бизнесийн бүлэглэлүүдээс өвөрмөц онцлогтой. Одоо тэд Оросын нефть экспортлохоо зогсоосныг далимдуулснаа өөрсдийн тээвэрлэлт, худалдан авах үнийн өсөлттэй холбон дарга нарын болоод иргэдийн тархийг зад угаах бололтой. Дандаа ингэж заваарч байдаг хойно доо. Засгийн газар тэдний өмнө сүү долоосон гөлөг болж хувирав. Эртнээс ингээд сурчихсан юм чинь. Үүний “ач”-аар хямрал бүх салбарт хурдтайгаар үргэлжлэх төлөвтэй. Мөнгөний инфляцийг барих гэж Монгол банк бодлогын хүүгээ 11.5 хувь хүргэлээ гэсэн нь дам хэлхээ холбоосоор “колонк”-ийн дарга нарын колончлолтой нөхцөөд байхаа ч магадгүй. Өнөөгийн эдийн засагчид хамгийн худалч гэгддэг. Гэхдээ тэднээс энэ талаар асуувал зарим нь дуугаа намсгаад чимээгүйхэн толгой дохих биз. Ингэхэд бид хэдий болтол энэ “колонк”-ийн дарга нарт дарлуулах юм бол оо. Америкт үндсэн хуулиараа шударга бус өрсөлдөөнийг хааж өгсөн байдаг гэнэ. Тэд хоёр болон түүнээс дээш этгээд үгсэн хуйвалдаж зах зээлийн үнэ тогтоох үйлдэл, эс үйлдэл хийвэл түүнийг монопольчлол хэмээн үздэг ажээ. Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас тэдний шатахууны үнэ нэмснийг хүчингүй гэж зарласан ч амжаад хэдхэн хоногт бидний халааснаас нэлээд их хэмжээний мөнгө суйлчихлаа, колонкууд. Үйлдвэрчний эвлэл дарга нарт нь эсэргүүцлээ илэрхийллээ. Засгийн газар урьдын адил хэд хоног чив чимээгүй байлаа. Тэгснээ гэнэт сэрэв бололтой, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Зоригт нь “Энэ замбараагүйтлийг таслан зогсооно. Бид ер нь шатахууны үнийн талаар хатуу бодлого барьж ажиллана” гэлээ. Залуу сайд Оюу толгойн бүтэлгүй гэрээ болон хариуцлагагүй бусад асуудлаасаа болж огцрохынхоо өмнө анх удаа ийм зоригтой мэдэгдэл хийж байна. Харж л байхаас даа. Үнэхээр шатахууны дарангуйллыг тас цохиж чадах юм бол сайдын сэнтийд нь мөнхөд залаад байхаас яахав. Гэвч “Колонк”-уудын дарга нараа төлөөлөн НИК-ийн удирдлагаас “Бид өмнөх жилийн 50 төгрөгийн урамшууллаа одоо буцаагаад авч байгаа юм” гэж мунагтлаа. Тэд 50 төгрөг өгч сайн хүн болсноо 80 болгож өсгөөд авчихаж байгаа юм байна. Аргагүй л бизнес ухаан гаргагчид байгаа биз. Д.Зоригт сайд ингэж ярьж байгаа монпольчдоо дарж, дахин хүмүүжүүлнэ гэж мэдэгдэв. Огцрох тухай асуудал нь сөхөгдсөн Д.Зоригт даварсан колонкуудыг шийтгэж дөнгөх болов уу даа.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )