Чөлөөт хэвлэлийн дайсан, олигархи Л.Гансүхийг улс төрөөс арчъя!

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Олигархи Л.Гансүх сайд “оодорч” байна. Эрх мэдлийн “мангар” том хар илд барьчихаад бүр сагаж байх шив. Саяхан л Ардчилсан намын хаалга сахиж, лидерүүдийг нь бараадан эрх хав шиг гүйж явсансан. Ганц мэдээ гаргаад өгөөч гээд л гүйж явснаа умартжээ. Цаг өөр болж, Гансүх олигархи болж. Сэтгүүлчдийг нэг нэгээр нь барьж, шорон “амладаг” болж. Нэг гэр бүлийн хоёрыг бичсэн зүйлийнх нь төлөө нялх үрийнх нь сүү үнэртсэн манцуйтай хамт шоронд илгээх юм гэнэ. Сэтгүүлч Баатархуяг, Уянга нар юуны учир буруудав. Гансүх сайд үнэтэй байр авчээ. Тэр байрных нь үнийг буруу бичлээ гэж цагдаад өгсөн юм гэнэ. Залруулаад хэлчихэж, хэлүүлчихэж болдоггүй юм уу. Тэгээд гэрийнх нь гаднаас цагдаагаар баривчлуулаад “Ганц худаг”-т хийчихвэл дуугүй болно гэж тэр боджээ. Дарангуйлагчид, олигахиуд л ингэдэг. Манай хойд хөршид энэ байдал газар авсан. Бүр дургүй хүргэвэл тархийг нь зад буудчихаж байна. Олигархууд хууль бусаар олсон олзоо ил гаргахгүй гэсэндээ ийм арга хэрэглэдэг.

Олигархи Л.Гүнсүх дараа нь сэтгүүлч Г.Дашрэнцэнг цагдаад өгчээ. Одоо түүний “хэрэг” гээчийг Сүхбаатар дүүргийн мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч Х.Сэргэлэн шалгаж байна. Тэгээд дараа нь хэнийг вэ... Тэгдэггүй юм, сайд аа. Сэтгүүлч үгээ хэлснийхээ төлөө шоронд ордог хууль Монголд л байна. Тэгээд та бидний амыг шоронгоор үднэ гэж тооцов уу. Одоо хэлэлцэгдэж байгаа хуулийг та бас өөртөө нийцүүлж байгаа юу.

Гансүхээ, сэтгүүлчид бид ардчиллын төлөө, иргэний нийгмийн төлөө зүтгэж яваа энгийн Монгол иргэд. Бидний мэргэжил сэтгүүлч учраас “эрхэм дээдэс” та бүхний болохгүйг мэдээлж, бурууг залруулах үүрэгтэй хүмүүс. Таны сайн танил Хосни Мубарак, дарангуйлагч Каддафи нар шиг хүмүүс энд байхгүй. Та л тэдний дэглэмийг Монголдоо тогтоох гээд байна. Бид ямагт үүний эсрэг зогсож, ардчиллын дархлааг улам сайжруулахын төлөө үгээ хэлж, үзгээ өдрөөс өдөрт хурцлах болно.  Үнэн үгийг нүүрэн дээр чинь дандаа хэлнэ. Ард түмэн ардчилалдаа маш их хайртай. Ингэж хэлэхээр аягүй бол та ардчилал чинь миний өмч гэх байх. Та иймэрхүү утга санаатай зүйл их ярьдаг юм билээ. Үгүй шүү. Ардчилал бол ард түмний өмч.

Харин та чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийг цагдаа, шоронгоороо боомилохыг оролддог, боож хаадаг, хүч хэрэглэн баривчилдгаар ардчиллыг булшлахыг оролдож байгаагаа анзаарахгүй байна гэж үү. Дарханы ард түмэн, иргэд сонгогчид таныг төрд илгээхдээ ардчиллыг устгаарай гэж захиагүй нь лавтай. Таны сайдын албан тушаал мөнх биш. Таны улс төрийн карьер ч удаан үргэлжлэхгүй гэдэг нь тодорхой болж байна. Сэтгүүлчийг шоронд хорьж дөнгөсөн Мөрөн хурандаа одоо Монголын улс төрд дахин гишгэх эрхгүй болсныг бид мэднэ. Таныг айлгаж, шантаажилж байгаа хэрэг биш. Харин Монголын ардчилал танаас ангижирч байгаа нь тэр.

Сэтгүүлчид ээ, эрхэм нөхдөө хэвлэлийн эрх чөлөөний өдрөө сайхан тэмдэглэв үү. Уусан дарс толгойноос гарч, зүүсэн медаль чинь өнгө орох болтугай. Олигархуудад хэмлүүлсэн нэгнээ аврах үйлсэд одоо нэгдэцгээе. Өнөөдөр хоёр сэтгүүлчийг шоронд хийхийг тэд оролдож байна. Маргааш бүгдийг нь шоронгоор далайлгаж дуугүй болгохыг тэд хүсч байгааг бид бүгдээрээ мэднэ. Урьд нь ч ийм этгээдүүд гарч ирж л байсан. Тэгвэл яагаад чимээгүй суух ёстой гэж. Алив андуудаа үзгээ барьцгаая, дурангаа гаргацгаая. Олигархи Л.Гансүхийн улс төрд орсон эхний өдрөөс хойш хийсэн нүгэл бүрийг уудлан илчилье. Яадгийм, харвал шүүхэд дуудагддаг, бичвэл шоронд ордог тэр хөрөнгө чинээг нь тоолцгооё. Энэ өдрөөс цааш “Чөлөөт хэвлэлийн дайсан”, олигархи Л.Гансүхийг улс төрийн тавцангаас арчиж хаяталаа бичицгээе.

Ө.Мэргэндүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top