Хилийн чанадад амьдарч байгаа иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулахад зориулж 684,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо. Гадаад харилцааны яамны судалгаагаар гадаадын улс орнуудад манай улсын 112 872 иргэн амьдарч байна. Засгийн газар иргэдээ бүртгэх, бүртгэлийг үнэн зөв хөтлөх, иргэнийхээ эрх ашгийг хангах, стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордын төрд ногдох ашгаас хишиг, хувь хүртээх, хувьцаа эзэмшүүлэх боломжийг хангахаар шинэчилсэн бүртгэл явуулж байгаа.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНСУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ тус улсад амьдарч байгаа иргэдээ иргэний шинэчилсэн бүртгэлд хамруулах бүртгэлийг гуравдугаар сарын 23-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн юм. Манай улс гадаад орнуудад байгаа Дипломат төлөөлөгчийн 38 газраараа дамжуулан хилийн чанадад амьдарч байгаа иргэдээ бүртгэлд хамруулж байна.
Эх сурвалж: Монцамэ мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )