Оросын ”мафид” их хэмжээний зээл өгсөн Монгол банкны удирдлагуудыг шалгая!

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Манай хуулийнхан баяртай байна. Зарим нь тэднийг маш том гавьяа байгууллаа гэх ажээ. Тэд Оросын луйварчинтай Олон улсын арбитрын шүүхээр заргалдаад ялсандаа хөл нь газар хүрэхгүй дэвхцэнэ. “Алтан дорнод Монгол” хэмээх Оросын компани Монголд 1997 оноос хойш алт ухжээ. Их хэмжээний алт нууцаар цувуулан хил давуулсаар байв. Хил, гаалийнхан цөөн хэдэн тохиолдлыг илрүүлсэн. Ихэнхийг гол гаргуулчихсан юм. Байгаль сүйтгэсэн гэж тоймгүй. Сүүлдээ гэнэтийн ашгийн татвар авах болтол компанийн захирал С.В.Паушок гэгч нь дарга нарыг айлгадаг шигээ Олон улсын арбитрын шүүхээр айлгах гэж оролдсон юм. Олон улсын шүүхээр асуудлаа шийдүүлэхэд манайхан тийм ч туршлагажсан улс биш байлаа. Хэдэн жилийн өмнө Японы “Марубени” корпорацитай Б.Жаргалсайханы зээлийн төлбөрийн талаар маргалдаад овоо юм сурч авсан байх. С.В.Паушок ч иймэрхүү “эмзэг” талыг сайн олж хараад “Би ялна. Ялж байна. Бараг ялчихлаа” гэх мэтээр хилийн цаанаас хааяа хашгирахад монголчуудын зүрх муутай хэсгийн калапан хаагдахаа дөхөж байсан болов уу. Гэхдээ одоо бид ялжээ. Тэгэхээр С.В.Паушок гэж чухам хэн байв. Афганистаны дайнд оролцож гавьяа байгуулсан, бэлтгэл хурандаа гэсэн товч танилцуулгаас хэтрэхгүй байна. Оросын офицеруудад олгодог бараг бүх одон медалиар энгэрээ дүүргэсэн эр гэх мэдээлэл бас бий. Гэвч нууцлаг зүйл олонтой. Мэргэжлийн тагнуулч гэхээс өөрийг монголчууд одоо ч мэдэхгүй. Мэдэхийг оролдсон хүн ч цөөн байх. Харин Оросын бизнесийн акулуудын дэргэд бол жул амьтан гэдгийг нь өнгөрсөн хугацаанд хүмүүс сайтар ойлгосон биз. Тэр харин Монголд орж ирэхдээ байгалийн хий, алт, газрын тосны мафийн бүлэглэл дотроо овоо дээгүүр жагсах болсон гэдэг. “Алтан дорнод Монгол” нь үндсэндээ С.В.Паушокийн өөрийнх нь шууд мэдлийн ч компани биш, Оросын мафийн сүлжээний толгой захирлуудын томилгоогоор Монголд тус компанийн гүйцэтгэх захирал гэдэг албан тушаал дээр  ажиллаж байлаа. Түүний цаана жинхэнэ мангасууд нь шидэт саваагаа бариад сууж байв. С.В.Паүшок монголчуудын эмх замбараагүй, долигонуур чанар, өлөн сэтгэл зүй дээр тоглолтоо маш чадварлаг, эрээ цээргүй хийснийг харамсалтай нь бид их  хожуу ухаарцгаасан даа. Монголд мань эрийг өөгшүүлөх эрх мэдэлтэн бас олон байлаа. Заамарын хөндийг бүхэлд нь бараг ухаад дуусч байсан 2006 онд нэгэн онцгой содон үйл явдал болсныг үүнтэй холбон ойлгож болох юм. Тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр Заамар дахь тус компанийн байранд зочилжээ. Түүнийг дагалдаад Үйлдвэр худалдааны сайд асан “Буян” Б.Жаргалсайхан очсон байна. Н.Энхбаяр компанийнх нь ажлын байруудаар явж, бүх юмтай танилцаад “Танайх ёстой сайн ажиллаж байна. Монгол ажилчдыг танайх шиг тансаг, тохилог орчинд ажиллуулдаг компани одоогоор алга байна” гэсэн магтаалын үг айлджээ. Паушокийн “цэргүүд” хариуд нь жил бүр 4 тонн орчим алт олборлож байгаагаа илтгэсэн гэнэ лээ. Энэ бол төр, засгийнхан гадаад дотоодын компаниудын халаасанд орчихсон үе юм. Н.Энхбаяр тэдний ажилтай танилцах нэрээр ийнхүү ороод гарахдаа хэлсэн дээрх үг тал засах нэг арга ч байсан байж болох юм. Мөн одоогийн Ерөнхий сайд Сү.Батболд “Алтан дорнод Монгол”-той нэлээд ойр дотно болж, чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлж байсан гэдэг. Тэгтэл тэжээсэн бяруу тэрэг эвдэж эхэлжээ. Зөвхөн алтны шороон ордын 30 гаруй лиценз эзэмшсэн Паушок Монголын төрд гоморхож, Батбаяр нарын гишүүдийн санаачилж батлуулсан гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлөхгүй гэж тунирхаж, загнаж гарчээ. Ашигт малтмалын орд эзэмшсэнийхээ нөхөн төлбөрийг өгдөггүй, ухсан газартаа нөхөн сэргээлт хийдэггүй түүнийг номхруулах гэж дарга нар үйлээ үзэж байв. Нийт лиценз нь 120 гаруй болж байсан удаатай. Лицензүүдээ хаа сайгүй худалдаж байлаа. Ийнхүү дураараа дургиж чадаж байсан хүний нэг бол тэр яах аргагүй мөн. Оросын Төрийн дум, Засгийн газар нь дэмжлэг үзүүлж, мафийн сүлжээний компаниуд нь Монголд томоохон лобби хийцгээж байна уу даа гэхээр айлын эрх танхил хүүхэд шиг аашилж байлаа. Эцэст нь манай Засгийн газраас нэг тэрбум ам.доллар нэхэмжилж олон улсын арбитрын шүүхэд хандсан түүхтэй. Ийм алхам хийсэн нь өөр дээрээ гал дуудаж, амиа хорлосонтой адил зүйл болсныг тэр уг нь сайн мэдэж байлаа. Гэхдээ Монголд сүйтгэсэн талбай, нөхөн сэргээлт, олон газраас хууран мэхлэх замаар авсан зээл, “Анод” банкаар дамжуулан угаасан мөнгө, татварт төлөх нийт 120 тэрбум төгрөгийн өр гээд тоймгүй олон асуудлаа дарахын тулд ийнхүү азаа үзэхээр шийдсэн болов уу. Шүүхийн явцад эхний үед Паушок ялалтандаа хэтэрхий итгэж байсан байх. Олон улсын арбитрчид харин түүнд хуулийн дагуу шударга хандаж, нэхэмжлэлийг үндэслэлгүй гэжээ. Юмыг яаж мэдэхэв, монголчууд хэрвээ шүүх дээр ялагдсан бол нэг тэрбум долларыг Паушокт төлж, цаана нь маш их хэмжээний хохиролтой үлдэх байлаа. Гэтэл Паушокийн нэхэмжлэлийн талаар дараагийн таамаглал дэвшигдлээ.



Паушокийн алтыг "зувчуулсан" Монгол банкныхантай хариуцлага тооцохгүй гэж үү

С.В.Паушок олон улсын арбитрын шүүхэд ялагдал хүлээсний дараах нөхцөл байдлууд бидэнд тийм таатай бус байна. Бөөн өр түүнийг дарж байгаа. Эрүүгийн хэргийн зүйл ангиудаар Оросын прокурорууд С.В.Паушокт бэлэг барина. Ерөнхий прокурор Д.Дорлигжав Оросын прокурорт хоёр ч удаа бичиг илгээж тэнд нь учрыг олооч гэж хүссэн. Оросууд манай алтаар нэгэнт туйлсан болохоор аягүй бол С.В.Паушокт аль болох зөөлөн хандахыг хичээж мэдэх юм. Нефтийн мангасууд нь зүгээр хараад суухгүй. Угаасаа түүнд Монголын нефтийг хариуцаж ажиллахыг даалгаж байсан юм билээ.

Паушок 68 хувийн татвар гараад ирэнгүүт Монгол банкинд алтаа хадгалуудаад удалгүй түүнийхээ 85 хувьтай тэнцэх хэмжээний зээл аваад алга болсон. Тэр хуулийн дагуу зээл авсан учраас энэ тал дээр манай эрхмүүд яаж ч чадалгүй хоцорсон. Гэхдээ ээмэг бөгж ломбардаад 100 мянган төгрөг авч байгаа биш шүү дээ. Хэдэн тонн алтыг барьцаалж зээл олгох энэ операци зөвхөн Паушокийн хүсэлт гаргаснаар шийдэгдэх боломжгүй байлаа. Түүнд хэн туслав. Одоо энэ талаар Паушоктой яривал шууд урт хуруу өгнө. Зээлээ төлж чадахгүй ээ, барьцаалсан алтаа аваарай гэнэ. Тэр ийнхүү Монголын 68 хувийн татвараас амжилттай бултаж чадлаа. Үүний хариуцлагыг Монгол банкны тухайн үеийн удирдлага шууд хүлээх ёстой. Хэрэг хуучирдаггүй биз дээ. “Банкны тухай” хуулиар бол ийм зээл олгох ёсгүй байсан гэж их бичлээ. Дотоодын компаниуддаа энэ хэдэн арилжааны банкууд нь олигтойхон зээл өгдөггүй байтал очиж, очиж Төв банк Паушок гэдэг дээрэмчинд зээл олгосныг бодоход дээрээс маш хүчтэй нөлөөлсөн байх нь ойлгомжтой болж таарах гээд байгаа юм. Энэ тухай асуудал хөндөж ярьсан УИХ-ын гишүүн Батж.Батбаяр олигархиудын хавчлаганд орж, сүүлдээ улсын болон байгууллагын нууц задруулсан хэрэгт унах шахаж байсныг уншигчид санаж байгаа байх. Монгол банк улс төрчдийн гарын үзүүрийн хүүхэлдэй гэдгийг одоо ч хүмүүс шүүмжилсээр байна. Ямар сайндаа өнөөгийн Монгол банкны Ерөнхийлөгчийг МАН-аас нэр дэвшүүлэн УИХ-аас томилох гэж байхад З.Энхболд гишүүн их л дургүй янзтай “Энэ нөхөр чинь тэгээд банк удирдаад явж чадах юм уу” гэж асууж байхав. Түүний өмнө ажиллаж байсан Батсүх бол Паушокийн ажлын морь болж байсан юм биш үү. Манай Хууль зүй дотоод хэргийн яамныхан Паушокийг Олон улсын арбитрын шүүхэд нам тавиад унагасан хэмээн өөрсдийгөө гайхуулах ч яахав. Одоо Монгол банк Паушок хоёрын дунд үлдээд байгаа өр төлбөрийг хэрхэн барагдуулахаа ярьж суувал дээрсэн. Мөн Паушокийн хамтрагчид буюу “Алтан дорнод Монгол”-ын охин компани Бумбат, “Востокнефтьгаз” компаниудын битүүмжилсэн эд хөрөнгө тэдний татвар, торгууль, хүүгийн төлбөр зэрэгт төлөх ёстой таван тэрбум гаруй төгрөгтэй дүйцэх үү гэж асуумаар байна. Манайхны өмгөөллийн хөлсөнд төлсөн 6 тэрбум төгрөг, Паушокийн татварын өр 120 тэрбум төгрөгийнхөө хичнээн хувийг битүүмжилсэн нийт эд хөрөнгөөс нь олж авч болох юм. Цаад Паушок гэгч нохой чинь бас ганцхан Монголд ч биш Японы Иточу, ОХУ-ын Газпром банкинд их хэмжээний өртэй тууж яваа шүү дээ. Банкны барьцаанд таьсан 50 гаруй лиценз, уурхайн хэдэн машин, багахан хэмжээний алт зэргийг нь нэмж тооцоод ч аягүй бол түүний манайхан өрөө бүрэн авч дөнгөхгүй болов уу. Паушокийг одоо Оросууд хатуу ширүүнээр шүүж, яллаж чадахгүй байх. Яагаад гэвэл тэр Монголын алтаар томчуудынхаа амыг таглачихсан байгаа. Харин бид Паушокоос авах юмаа бүрэн авч, дахиад Монгол банк шиг харийнхны өмнө бөхөлзөөд хамаг байдгаа тавиад туучихгүй байх талаар цаашид сургамж авч ажиллах хэрэгтэй юм. Ер нь хариуцлагыг Монгол банкнаас эхлээд хатуухан тооцохгүй бол энэ хэрэг нэг л "худлаа" тийшээ төгсөх гээд л байна даа. 

Б.Отгонбаяр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top