“Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөрийг баталлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

"Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ" үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран боловсруулж батлуулан, хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулахыг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Мэдээлэл, шуудан, харилцаа, холбоо, технологийн газрын дарга нарт даалгав. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн жилийн төсвийн төсөлд тусгах, хувийн хөрөнгө оруулалтыг татан оролцуулах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгасан байна.

Манай оронд өндөр хурд шаардсан зарим технологи хараахан нэвтрээгүй, шинэ технологи, стандартын шилжилт хийгдээгүй.Гэсэн ч интернет хэрэглэгчдийн тоо улам бүр өсөх хандлагатай байгаа нь өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ, үйлчилгээний хэрэгцээ, шаардлагыг нэмэгдүүлж байгаа юм. Энэ нь зөвхөн энгийн интернет хандалтаас бус, хэрэглэгчдийн өндөр багтаамж шаардсан гурвалсан үйлчилгээ, теле тооцоолол, тоглоом болон мультимедиа зэрэг олон төрлийн хэрэглээнээс урган гарч байна. Эдгээрийг ойрын үед ажил хэрэг болгоно гэж тооцвол одоогийн сүлжээний чадамж шаардлага хангахгүй. Иймээс өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах, өргөтгөх, ашиглах, эзэмших, хөгжүүлэх хууль эрх зүй, зохицуулалтын таатай орчин бүрдүүлэх, цаашид хийх арга хэмжээг нарийвчлан тодорхойлсон Үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ. Хөтөлбөр нь нийт нутаг дэвсгэрийг хамарсан өндөр чадамжтай, өндөр хурдны өргөн зурвасын сүлжээг өргөтгөн, өртөг багатай мэдээллийн цогц үйлчилгээг төрийн байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхөд хүргэж эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын түвшинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

"Өндөр хурдны өргөн зурвасьш сүлжээ" үндэсний хөтөлбөрийг 2011-2015 онд хэрэгжүүлэх юм байна. Өргөн зурвас гэдэг нь өндөр хурдтай интернетийн байнгын холболтод суурилсан гурвалсан үйлчилгээ, энэ үйлчилгээг дамжуулах өндөр чадамжтай сүлжээ зэрэг бүх төрлийн технологийн нэгдлийг хэлдэг. Харин гурвалсан үйлчилгээ гэдэг нь дуу, дүрс, өгөгдлийг нэг өргөн зурвасаар дамжуулах буюу интернет, телевиз, телефоны үйлчилгээг нэг дамжуулах шугамаар хүргэх боломжийг хэлдэг байна.

 Эх сурвалж: Монцамэ мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top