Улс төрөөр өвчлөгсөд нэг л биш ээ. Эрх баригчид Сүхбаатарын талбай дээр гэр барин тэмцэгчдийг цагдаагийнханаараа дахиад дарамтлуулж эхлэв. Баривчлах, мөрдөх, авлигадах, шантаажлах, чангах зэрэг бүхий л муу аргаа хэрэглэж байгаа бололтой. Ингэх болсон нь том эрх ашгийн зөрчилдөөнийг харуулж буй хэрэг биз. Өнөөгийн стандарт бус Засгийн газрыг муу ажилласан гэж гудамжинд байгаа жижиг нам, хөдөлгөөнүүд үзээд огцохыг шаардлаа. УИХ-ыг ч тэд тараахыг хүсч байна. Үүнийг ажсан улс төр судлаачдын зарим нь “Монголд улс төрийн дахин хуваарилалт явагдах гэж байна” гэнэ. Төр засаг нь ард түмэндээ зохих ёсоор үйлчилж чадахгүй, амласнаа биелүүлэхгүй бол улс төрийн хүчнүүд шинэ бүлэглэл үүсгэн тэмцэж үр дүнд хүрэхийг ийнхүү нэрлэдэг ажээ. Н.Энхбаярын удирдаад байгаа Бүх ард түмний их хуралдай, Гал үндэстнүүдийн нэгдэл үүнийг нотлоод байх шиг байна. Олон арван морьтонг Сүхбаатарын талбайд оруулж эхэллээ. Саяхан цагдаа нар тэднийг хориглосон боловч бяцхан мөргөлдөөн үүсэх дөхөв. Цагдаа нар “Ургах наран” хорооллын хажууд Гал үндэстэн холбооны морьдыг журамлаж, саатуулсан тул тус холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр “цэргүүдээ” дагуулан очиж морьдоо булаацалдсанаас ийм явдал болжээ. Хотын төв рүү морь оруулахгүй гэх цагдаа нарын шаардлага тэдний дургүйцлийг төрүүлж, “Ц.Нямдорж сайдын чинь даалгавар шүү дээ” гээд морьтнууд нь цагдаа нар руу дайрах ажээ. Сүүлдээ аль аль тал нь сульдаж буй шинжтэй “Хэдүүлээ эв зүйгээр ярьцгаая” гэцгээснээр үймээн дарагдсан байна. Мөн Гал үндэстнүүдийг дэмжиж, санхүүгийн таслалцаа үзүүлж байсан “Анод” банкны удирдлагыг баривчилж хорьсон нь яалт ч үгүй улс төрийн тэмцлээс үүдэлтэй нь тодорхой болов. Ц.Мөнхбаяр энэ бүхэнд бухимдахдаа “Бид сэлэм эргүүлэн тэмцэж чадна” хэмээн мэдэгдсэн нь хүмүүст айдас, болгоомжлолыг эрхгүй төрүүллээ. 2008 оны 7 сарын 1-ний үйл явдал шиг юм болохгүй гэх баталгаа алга болов бололтой. Хэрвээ эрх баригчид хэлцэлийн ширээний ард сууж нэг бол огцорно гэдгээ шууд хэлэх, эсвэл ард түмнээ ядуурлаас гаргах, сайхан амлалтаар дүүрсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх талаар дорвитой зүйл хийхээ бодитоор нотолж өгөх хэрэгтэй болж байна. Өөр гарц алга шиг боллоо. Эрх барагчид Ингэж зоримог алхам хийж чадахгүй, жагсагчид руу “чулуу” шидэх тусам тэмцэл улам гаарч, үймээний хүрээг тэлнэ. Магадгүй бухимдагсадын сэтгэлийн хөөрөл цусан мөр дагуулж ч болох юм. Өнөөгийн улс төрийн синдромоос ийм дүр төрх ажиглагдаад байна.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )