Ерөнхийлөгчийг гэрчээр дуудахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр долдугаар сарын 1-ний асуудлаар гэрчийн мэдүүлэг өгсөн нь олон хүнийг гэрч болгох эхлэлийг тавьсан. Түүнийг байцаалт өгсний дараа Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Баяр, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нараас долдугаар сарын 1-нд юу болсон талаар тайлбар авах нь зүйтэй хэмээн Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав мэдэгдэж, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан тэднээс тайлбар авах ажилтай болж байсан билээ. Гэсэн ч одоо болтол тэднээс тайлбар авч эхлээгүй байгаа аж. Харин УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцангаас тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан талаар тайлбар авах тухай саяхнаас яригдаж эхэлсэн. Учир нь, тэрбээр тухайн үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан учир хэргийн талаарх бодит мэдээллийг өгөх ёстой хүмүүсийн тоонд яах аргагүй багтаж байгаа юм байна. Гэхдээ УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцанд "Тайлбар авна" гэсэн зарлан дуудах хуудас ирээгүй байгаа бөгөөд тэрбээр тайлбар өгөхөд бэлэн гэдгээ ч илэрхийлээд буй юм. Үүнтэй зэрэгцээд Ж.Батзандан, О.Магнай нарт холбогдох хэргийг сэргээж, тэднээс долдугаар сарын 1-ний талаар дахин тайлбар авах нь гэсэн мэдээллийг няцааж эхэллээ. Сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа Ж.Батзандан "Цагаатгасан хэргийг эргүүлэн сөхдөггүй. Тиймээс надад холбоотой хэргийг сөхөхгүй" гэсэн тайлбар хийх болж, "О.Магнай, Ж.Батзандан нарын хэргийг сэргээхгүй" зэрэг мэдээлэл гарах болсон. Харин энэхүү мэдээллийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаныхан үгүйсгэж байна. Тиймээс Ж.Батзандан болон О.Магнай нарын хэргийг дахин сөхөхгүй гэх баталгаа алга. Ийнхүү Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр мэдүүлэг өгч, олон хүнийг хөлдөө чирж эхэллээ. Тэр ч бүү хэл, Еренхийлөгч Ц.Элбэгдоржоос долдугаар сарын 1-нд юу болсон талаар тайлбар авах нь зүйтэй гэсэн яриа ч нийтийн дунд тархаж "Гэрчээр дуудах гэж байна" гэсэн мэдээлэл газар авчээ. Харин Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас энэхүү мэдээллийг үгүйсгэсэн. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг дахиж хэзээ байцаах нь тодорхойгүй байгаа аж.

Эх сурвалж: Улс төрийн тойм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top