2015 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан Сангийн дэд сайд С.Пүрэв-ээс орон нутагт эрх олгож буй зарим татварын талаар тодрууллаа.
“Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга 2015 онд татвар нэмэгдүүлж, хотын татварыг бий болгож нийслэлд хүнд ачаа үүрүүлэх гэж буйг эсэргүүцэж байна” гэж мэдэгдсэн. Энэ талаар та тодруулга өгнө үү?
- Улсын Их Хуралд өргөн барьсан 2015 оны төсвийн төсөлд Улаанбаатар хотын суурь орлого 506.5 тэрбум төгрөг, суурь зардал 562.1 тэрбум төгрөг байхаар төлөвлөсөн бөгөөд зөрүү болох 55.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг байдлаар олгохоор тусгасан. УИХ-д өргөн барьсан төсвийн төсөлд туссан эдгээр үзүүлэлтийг Сангийн яамны www.mof.gov.mn цахим хуудаснаас үзэх боломжтой.Улаанбаатар хотын суурь орлогын хувьд анхны хянуулсан дүнгээс орлогыг нэмэгдүүлээгүй болно.
Тэгвэл яагаад ийм асуудал гарах болсон юм бэ?
- 2015 оны төсвийн хуулийн төслийг дагалдуулан 4 төрлийн татварын хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан.Гэхдээ төсвийн төсөлд эдгээр татвараар “0” төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон. Энэ нь дан ганц Нийслэл хотын асуудал биш бөгөөд бусад аймгуудад ч хууль эрх зүйн хувьд нэгэн адил үйлчлэх юм. Өргөн барьсан хуулиуд нь: автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар болон үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг дээд хувь хэмжээг тогтоох, Нийслэлийн удирдлагаас удаа дараа тавьж байсан Нийслэл хотын татвар бий болгох зэрэг асуудлаар санал боловсруулж оруулсан.
Энэ арга хэмжээ цоо шинээр үүсч байгаа нөхцөл байдал биш бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх үе шаттай арга хэмжээний үргэлжлэл юм. Өөрөөр хэлбэл орон нутаг иргэдтэйгээ хэлэлцээд өөр өөрийн онцлогоос хамааруулан эдийн засаг, нийгмийн зарим бэрхшээлтэй тулгарч буй асуудлаа шийдвэрлэх боломжийг олгосон хууль эрх зүйн орчныг л бүрдүүлэх санаачлага болсон гэж үзэж байна.
Тухайлбал өнөөдөр Улаанбаатар хотын авто замын түгжрэл, зам тээврийн осол, агаарын бохирдол ямар хүнд нөхцөлтэй байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэхүү хүндрэлийг эдийн засгийн арга замаар шийдвэрлэх эрх орон нутагт хязгаарлагдмал байна. Тиймээс хэрэгцээ шаардлага гарсан үед шууд ашиглах боломж нээлттэй байх хэрэгтэй гэсэн үүднээс хуулийн төслийг боловсруулсан. Товчхондоо татварыг нэмэгдүүлж байгаа хэлбэр биш ИТХ иргэдийнхээ саналыг авсны үндсэн дээр уян хатан шийдвэр гаргах орон зайг олгох эрх зүйн орчинг бүрдүүлж байгаа юм.
Хэрэв иргэд дээрх татваруудыг нэмэгдүүлэхгүй одоогийн мөрдөж буй хувь хэмжээг хэвээр байлгаххүсэлт тавьбал нэмэгдүүлэхгүй байж болно. Нөгөөтэйгүүр өнөөдөр бид орон нутагт эдгээр татварын хэмжээг тогтоох эрхийг шилжүүлээд тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд орон нутаг өөрсдийн онцлогт тохируулан иргэдтэйгээ хэлэлцэн хувь хэмжээгээ тогтоодог туршлага аль хэдийн хэвшсэн. Тухайлбал үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг Завхан, Баян-Өлгий, Говьсүмбэр зэрэг аймагт хамгийн доод хувиар тогтоосон байхад Улаанбаатар, Өмнөговь аймагт дээд хувь хэмжээгээр тогтоосон.
Тэгвэл татварын боломжийг дайчлаад 2015 онд нийслэлд төвлөрөх орлогыг нэмэгдүүлсэн гэдэг үндэслэлгүй гэсэн үг үү?
- Та зөв ойлгосон байна. Дээрх татварын орлогоор аймаг, нийслэлийн 2015 оны төсөвийн тооцоололд орлого нэмэгдэх тооцоохийгээгүй, харин ийм орон зайг ашиглах эрхийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд олгосон зохицуулалт юм.
Нийслэл хотын албан татвар гэж та яриандаа дурьдлаа. Шинэ төрлийн татвар бий болгож байгаа юу?
- Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй татварын болон бусад хэд хэдэн хуульд нийслэл хотын албан татвартай байхаар хуульчлагдсан хэдий ч өнөөдрийг хүртэл уг татварын харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бий болоогүйн улмаас хэрэгжүүлж чадаагүй өнөөдрийг хүрлээ.Нийслэлийн удирдлагууд Нийслэл хотын татварын асуудлаар Засгийн газар, Сангийн яаманд удаа дараа хүсэлт тавьж байсан.
Иймд нийслэл хотын албан татварын хууль эрх зүйн орчныг бий болгох зорилгоор нийслэл хотын албан татварын төрөл, хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоож байхаар хуулийн төслийг боловсруулсан. Өөрөөр хэлбэл огт байхгүй шинэ төрлийн татварыг бий болгоод авах гээд байгаа ойлголт биш юм. Түүнчлэн уг татварыг тогтоох эрх НИТХ-д байх учраас яаж, хэрхэн, хэзээ тогтоох талаар хот өөрөө шийдэх юм. Нийслэл хотын албан татвараар 2015 онд төсөвт нэг ч төгрөгийн орлогыг нэмж төвлөрнө гэж тооцоогүйг дахин хэлмээр байна.
Эдгээр татварын хуулиас өөр өөрчлөлт орж байгаа хууль бий юу?
- Малчин өрх, мал бүхий этгээдийн орлогын албан татварын хувь хэмжээг буцаан сэргээж орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас тогтоож, энэ төрлийн орлого тухайн орон нутгийнхөгжлийн санд төвлөрөхөөр хуулийн төсөл өргөн барьсан. Бид татварын доод хэмжээг “0” байхаар хуулийн төсөлд тусгаснаар орон нутаг өөрсдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн одоогийн татваргүй нөхцөлийг цаашид хэвээр хадгалах, эсвэл тодорхой хязгаарын хүрээнд татвар ногдуулах эрхийг өгч байгаа юм.
Өнөөдөр малын тоо толгой нэмэгдэхтэй зэрэгцэн бэлчээрийг зүй зохистой ашиглах, хашаа хороо янзлах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, худаг ус нэмж гаргах зэрэг олон асуудал урган гарч байна. Хөдөө орон нутгаар явж малчидтай уулзах явцад эдгээр асуудлыг хамтын хүчээр шийдвэрлэх боломжтой байгаагааилэрхийлж байсан бөгөөд энэ утгаар уг татварын орлогыг зөвхөн хэрэгцээ шаардлагатай зүйлдээсум, орон нутгийн иргэд өөрсдөө саналаа гарган зарцуулж чаддаг байх нөхцлийг бүрдүүлэхээр хуулийн төсөл боловсруулсан юм.
Эцэст нь дүгнээд хэлэхэд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн дээрх татварын хуулиуд татвар нэмэгдүүлж байгаа хэлбэр биш гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Дээрх татварыг нэмэгдүүлэх замаар орон нутгийн төсөвт нэгч төгрөгийн орлогыг нэмж тусгаагүй. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нар иргэдийнхээ саналд үндэслэн уг татварын асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчныг л бий болгож байгаа юм. Хэрэв иргэд нь зөвшөөрөхгүй, дэмжихгүй бол татварыг авахгүй байж болох хуулийн зохицуулалтбас байгаа. Харин энэ нь орон нутгийн төсвийн төслийг боловсруулах, орон нутгийн хөгжлийг түргэтгэх явцад иргэдийн оролцоог улам нэмэгдүүлэх боломж бий болгож байгаа нэг хэлбэр юм.
Сэтгүүлч Б.Жаргалтуяа
Сэтгэгдэл ( 0 )