Засгийн газар, УИХ-ыг огцруулаад оронд нь өөрсдөө суух том даалгавартай хэсэг нөхөд олон хоног Сүхбаатарын талбайд жагсаж байна. Тэднийг зохион байгуулагчид жагсагчдад ингэж хэлсэн гэнэ лээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тэд "UB Palace"-д Их хуралдайгаа үргэлжлүүлсэн. Цаг агаарын нөхцөл гадаа үргэлжлүүлж болохооргүй хүйтэрсэн учраас дотор хийсэн хэмээн тайлагнаж байгаа. Хаврын тэнгэрийн нэг хуйсганалыг даахгүй эдгээр нөхөд идэр гурван есийн хүйтэн бол яах байсан юм, бүү мэд. Тэд өмнө нь УИХ-ын 15 олигархийг албан ёсоор тодорхой гэгч хэлж байсан. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл,С.Баяр, Ч.Сайханбилэг, Г.Батхүү, С.Баярцбгт, Д.Зоригт, Ерөнхий сайд С.Батболд гэхчилэн нэрлэсэн нь зарим хүний инээдийг барж байгаа.Тэгвэл энэ удаад Их хуралдайд оролцохоор хөдөө орон нутгаас ирсэн нэгэн төлөөлөгч УИХ-ын олигархи биш их цэвэрхэн хүмүүсийг нэрлэлээ. Тэр хүн нөгөө гишүүдийн нэрийг алга дарам цаас харж байгаад нэрлэчихлээ. МАН-аас УИХ-ын гишүүн ЦДаваасүрэн, Д.Арвин, Ш.Сайхансамбуу, Х.Бадамсүрэн, Д.Тэрбишдагва, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ, Ц.Батбаяр, Ч.Улаан нарыг нэрлэж, Ардчилсан намаас С.Эрдэнэ тэргүүтэй хэд хэдэн хүнийг дурдаад эцэст нь МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаярыг онцлов. Эдгээр гишүүдийг олигархийн тоонд оруулаагүй явдал нь жирийн нэгэн төлөөлөгчийн санамсаргүй хэлсэн үг биш биз. Э.Бат-Үүл, Ц.Нямдорж зэрэг 20 гаруй жил парламентад суухдаа орон гэрээ томруулж амжаагүй, олигтойхон хөл дүүжлэх унаагүй шахам нөхдийг олигархийн тоонд оруулчихсан байсан. Харин үүнийхээ эсрэг "Lexux" зайдагнаж унасан, хүний өөрийн томоохон компаниудын олон мянган хувьцаа эзэмшсэн, хайгуулын лицензийг хэд хэдээр нь давхарлан хураасан нөхдүуд олигархи биш юм гэнэ. Олигархи гэж яг хэнийг хэлээд байна вэ? Эсвэл хэн нэгэн хүн өөртөө дургүй хүнээ олигархи гэж нэрлээд байна уу гэсэн асуулт өөрийн эрхгүй төрлөө. МАХН-ынханУИХ-аас хэд хэдэн гишүүн бидний үйл ажиллагааг дэмжиж байгаа ч цөөдөөд байна, гэхдээ тэд нь нэг л гарч ирж чадахгүй байгаа гэж ярьдаг юм билээ. Тэгвэл тэр гишүүд нь олигархи биш гэж цоллуулан магтуулж байгаа нөхөд юм байна л даа. Энэ нөхөд Н.Энхбаярыг, МАХН-ыг дэмжигчид байж таарах нь. Гагцхүү ил гарч болохгүй байна, байдлыг харзнаж байна гэж ярьж байгаа хүн эдэн дотор байгаа тухай хэн хүнгүй ярьдаг юм билээ. Тэдний хэн нь хэн бэ?
Ц.Шинэбаяр
УИХ-д анх Дорнод аймгийн ард түмнийг төлөөлж орж ирсэн, УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярыг тойргийнхон нь бараг таньдаггүй байсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Дорнод аймагт нэр дэвшихэд нь Н.Энхбаяр зүтгүүлсэн гэж ярьдаг. Харин түүнийг зөөлөн суудалд тухлуулсныхаа шанд эргэн улс төрд орох гүүрээ түүгээр хийсэн. Хий гэснийг нь хийхээс ч өөр аргагүй байдалд орохдоо Н.Энхбаярын ярь гэснийг нь ярьж, хий гэснийг нь хийсэн нь МАН-ын нөхдөөсөө ганцаар үлдсэн эрсдэлтэй алхмыг дагуулсан. Намынхаа XXVI их хурлаас хойш ханилж яваад нөхрөө гэдэг шиг нөхдөөсөө тасран явахдаа миний хойно урд хэн ч байхгүй хэмээн хээвнэгхэн хэлж байсан ч удалгүй үнэн илэрсэн. МАХН-ын онц их хурлын үеэр Н.Энхбаяртай
хамт сууснаар эрхэм гишүүний шударга ёсны тэмцлийн эхлэл нь тавигдсан гэнэ лээ. Ц.Шинэ-баярын шударга ёсны тэмцэл нэг иймэрхүү. "Адуунчулуун" ХК-ийн 571813, "Ган хэрлэн"-гээс 15000 ширхэг хувьцаа эзэмшдэг, "Ланд круйзер 105"-ын зэрэгцээ "Шевролет" маркийн суудлын машин хөрөнгөнийх нь наад захад байдаг энэ эрхэм МАХН-ын жагсагчдын хувьд олигархи биш гэнэ.
Б.Бат-Эрдэнэ
Далай даян дархан аварга, олныг баясуулагч бөх хэмээн хэдийнэ ард олныхоо хайр хүндэтгэлийг хүлээж чадсан Б.Бат-Эрдэнэ гишүүнд ч мөн адил өмнөх сонгуульд хоёр дахь удаагаа нутагтаа нэр дэвших боломжийг Н.Энхбаяр олгож байсан гэдэг. Анх хэлгүй, бүдүүлгээрээ дуудуулан барин улс төр хэмээх их айлд хөл тавьж байсан түүнийг өнөөдөр МАН хөл, хэлд оруулсан нь үнэн бус уу. Н.Энхбаяр Да.Ганболдыг Хэнтийд гаргахгүйн тулд ард түмний хайртай бөхийг явуулсан нь олныг баясуулагч манай аварга байсан хэрэг. Өөр хүн Да.Ганболдыг ялахгүй гэдгийг улс төрч Н.Энхбаяр мэдэж байсан хэрэг л дээ.
Ц.Даваасүрэн
Сангийн яамны газрын дарга байхаасаа Н.Энхбаяртай түншилсэн нөхөр гэдэг. Н.Энхбаяртай Оросын өрийг тэглэлцсэн гавьяагаараа бахархдаг, бас имижээ болгохыг хичээдэг гэнэ лээ. Түүнийг Сангийн болон Боловсролын яамныхан тендерээр мэргэшсэн "гар" хэмээн шивнэлддэг нь нууц биш.
Д.Балдан-Очир
Завханаас УИХ-д орж ирсэн ч өнөөг болтол танигдаагүй байгаа "хэлгүй, дүлий Королия"-нуудын нэг хэвээр. Сүүлийн үед хааяа мал хэмээн дуугарахаас өөрцгүй нэгэн. Өнгөрсөн өвөл гэхэд Завхандаа очоод "нүд" болсон сурагтай. Бас нэг УИХ-ын гишүүн хүүхэнтэй нийлэн өвс ачсан машин дээр хоёр талд нь нэрнүүдээ бичсэн самбар тавиад нутгаараа баахан давхисан гэнэ лээ. Тэр өвс хаана буусныг бүү мэд хэмээн Завханыхан егөөдөж суугаа юм билээ.
Д.Тэрбишдагва
Н.Энхбаярын Засгийн газрын үед сайд байсан, түүнийг Германд дипломатчаар суулгасан зэргээс эхлээд Н.Энхбаярын буянаар ТДБ бол амттай суудал бүрт очсон, төрөөс төрсөн тэрбумтны нэг гэлцдэг. Тэрбээр нэг хэсэг буянтан Н.Энхбаяраа өмөөрөн намаа, Засгийн газрыг зад шүүмжилдэг байснаа сүүлийн үед дуугаа хураагаад байгаа. Дотроо бол МАХН нэрийг авчихвал... гэж боддог нөхдийн нэг хэмээн саарал ордныхон жиг жуг гэлццэг юм байна лээ.
С.Эрдэнэ
Н.Энхбаярын нөхдийн "Нэр цэвэр, олигархи биш" гээд байгаа нэрсийг харвал тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг АН-ын ганц хүний нэр байгаа нь өөрийн эрхгүй сонирхол татна. С.Эрдэнэ гэж хэн бэ. Н.Энхбаяртай хоёр удаа өрсөлдөөд ялагдсан азгүй хүн гэж уг нь намынхан нь өрөвддөг байсан. Гэтэл сүүлийн үед түүнийг манай намын хүн үү, ялагдлууд ямар учиртай байв аа хэмээн АН-ынхан эргэлзэхэд хүрч байгаа гэсэн. Нэг удаа АН-ын дарга Н.Алтанхуяг С.Эрдэнэд хандаж "Чи Н.Энхбаяртай есөн удаа уулзсан шүү. Н.Энхбаяр та нарыг санхүүжүүлдэг биз дээ" гэж байсан удаатай. Энэ үг бол сэтгүүлчдийн сонссон жиг жуг биш. Том намын даргын үг. Юу л гэж хүнийг худал гүтгэв гэж. Тэр тусмаа намын журмын нөхрөө. АН-ын даргын хэлснээр бол ямартай ч С.Эрдэнэ Н.Энхбаяртай ил далд уулзаж учирдаг бололтой. Харин тэд юун тухай ярьдаг бол. Сонирхол татчихлаа. Бусад нөхдийн тухайд дараагийн дугаартаа өгүүлэх болно.
Эх сурвалж: Монголын мэдээ
Сэтгэгдэл ( 0 )