Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх их, дээд сургуулиудыг хотоос гаргаж цогцолбор хотхон байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Нийслэл хотод дээд боловсрол олгох төрийн болон хувийн хэвшил, гадаадын сургуулиудын салбар нийт 99 сургуульд 140 мянга орчим суралцагч суралцаж байна. Налайх дүүргийн Шивээтийн хөндийд байгуулагдах энэ цогцолборт төрийн өмчийн 5 их сургуулийн 81.6 мянган оюутан сурагч, 5.82 мянган багш ажиллагсад, ШУА-ийн зургаан хүрээлэнгийн 330 орчим ажиллагсад ажиллахаар санал ирүүлжээ. 2000 га талбай эзлэн орших их, дээд сургуулиудын оюутны хотхонд 150 мянган гаруй хүн ажиллаж амьдарна гэсэн тооцоог гаргаад ажиллаж байгаа юм байна. Хотхоны барилгын ажил ирэх сард эхлэх гэнэ. Оюутны хотхон байгуулах хөрөнгийг Улаанбаатар хотын А бүсийн ашигтай газар, талбай, барилга байгууламжийг дуудлагаар худалдсан орлогоос санхүүжүүлэх юм. Үүний зэрэгцээ зүүн бүсийн оюутны хотхоныг Дорнод, баруун бүсийнхийг Ховдод байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн уул уурхайн чиглэлийн их сургуулийг Эрдэнэтэд, техник технологийн чиглэлийн их сургуулийг Дарханд байгуулах ажээ.
З.Марал. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )