Зуучлалаар гэрлэгсэд илүү бат бөх гэр бүл болдог

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Харвардын их сургуулийн гэр бүл судлалын тэнхмийн эрдэмтэд гэрлэж амжаагүй залууст зуучлалаар ханиа олохыг зөвлөжээ. Тэд энэ төрлийн гэрлэлт илүү бат бөх, аз жаргалтай байдгийг найман жил хийсэн судалгааны дүнд тогтоосон байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар эцэг эх болон зуучлагчийн сонгосон хүнтэй гэрлэх нь эхэндээ дурлалын өнгөц мэдрэмж үүсгэдэг. Цаг хугацаа өнгөрөх тусам тэрхүү мэдрэмж хайр болон хувирдаг гэнэ. Харин хайр сэтгэлээр гэрлэгсдийн хувьд эсрэгээрээ дурлалын гал нь бөхсөөр байдаг аж. Хэн нэгний тусламжтайгаар амьдралын ханиа ологсод бие биенийхээ удам угсаа, нийгмийн байдал, хүсэл сонирхол, амьдралын зорилго зэргийг нарийн судалдаг. Гэтэл бусад хос хурдан хамт амьдрах хүсэлдээ автан энэ бүгдийг тооцох чадваргүй буюу "сохорсон" байдаг гэнэ. Энэ нь тэдний хамтын амьдрал богино хугацаанд төгсөх үндсэн шалтгаан болдог аж. Харин сэтгэл зүйчид хамтын амьдрал хэр удаан үргэлжлэхийг 94 хувийн магадлалтай урьдчилан хэлэх боломжтой. Хоорондоо хэрхэн харилцаж, хүсэл сонирхлоо ямар байдлаар илэрхийлж байгааг судлахад хангалттай гэжээ. Тэд гэр бүлийг "дуугүйчүүд", "маргалдагсад", "зөвлөлдөгсөд" гэсэн гурван бүлэгт хуваасан байна. Эхний хосууд зөрчлөөс зайлсхийж, маргаантай асуудлаа ярилцдаггүй. Харин зөвлөгсөд бие биеэ анхааралтай сонсож, хоёр талдаа ашигтай байхаар аливааг шийддэг аж. Хосууд сэтгэл зүйн ижил хэв маягтай бол хамтын амьдрал нь урт удаан, аз жаргалтай байдаг. Ялгаатай бол олонх тохиолдолд салдаг. Харин "маргагч" "зөвлөгч" хоёр суусан, эсвэл эхнэр нь нөхрөөсөө илүү хариуцлага хүлээдэг гэр бүл тогтвортой амьдардаг нь батлагдсан байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top