Монголын сонины холбооны ээлжит аравдугаар их хурал өчигдөр болж Ерөнхийлөгчөөр нь Р.Хадбаатарыг сонголоо. Монголын сонины холбоо хоёр жилд нэг удаа хуралдаж Ерөнхийлөгч болон зөвлөлийнхнөө шинэчилдэг дүрэмтэй. Үүний дагуу тус холбооны Хяналтын болон Удирдах зөвлөлийн гишүүдийг хуучин ажиллаж байсан бүтцээр нь гишүүдийн олонхын саналаар батлав. 1998 оноос хойш 13 дахь жилдээ сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж буй Монголын сонины холбоо өнгөрсөн жилүүдэд хүрээгээ өргөтгөж телевиз, цахим хуудасныхныг эгнээндээ нэгтгэснийг Ерөнхийлөгч Р.Хадбаатар онцолсон. Тиймээс холбооныхоо дэргэд телевиз, цахим хуудас, өдөр тутмын сонин хариуцсан дэд зөвлөл байгуулах нь зүйтэй гэдэгт холбооны гишүүд санал нэгдэж ойрын хугацаанд дээрх ажлыг хэрэгжүүлэхээр болов. Сонины холбооныхон ээлжит их хурлаараа өнгөрсөн оны ажлаа тайлагнаж, энэ онд хийх ажлынхаа төлөвлөгөөг ярилцсан юм. Хурлын үеэр сэтгүүлчдийг гадаадад богино хугацааны хэлний курст сургах, нийгмийн асуудлыг нь, тэр дундаа орон сууцжуулах хөтөлбөрт хамруулах ажлыг улам эрчимжүүлэх гэх мэт ажлыг илүүтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар санал, шүүмжлэлийг холбооны гишүүд уламжлав. Мөн өнгөрсөн хугацаанд тус холбооноос шуудангийн үйлчилгээний зардлыг 18-аас таван хувь бууруулж чадсан нь том амжилт гэв. Цаашид Засгийн газраас шуудангийн үйлчилгээний компанид жил бүр төрөөс татаас өгч байхаар зохицуулахаар ярилцжээ. Одоогоор Монголын сонины холбоо 18 жинхэнэ, 13 дэмжигч гишүүдтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )