МАХН гал голомтоо сахиж дахин мэндэлсэн ч Дээд шүүх авч хэлцэлгүй өөрөөсөө зайлуулан хуулийн маргаан болгоод Үндсэн хуулийн цэц рүү өргөдлийг нь чулуудаж орхисон билээ. Цэц хэрхэн дуугарахаас энэ намын хувь заяа шалтгаалах болж байна. Намын дарга Н.Энхбаяр, дэд дарга Ц.Шинэбаяр нар Бүх ард түмний их хуралдай зохион байгуулж УИХ, Засгийн газарт Оюу толгой, Таван толгойг нийт ард түмэндээ 100 эзэмшүүлэх зэрэг хэд хэдэн заалт бүхий шаардлага хүргүүлэн, эс биелүүлвээс хоёулаа огцор гэлээ. Эрх баригчид тэдэнд тоймтой хариу өгсөнгүй. Ингэснээр тэдний тэмцэл улам идэвхжиж байна. Цагдаагийнхан ч тэднийг янз бүрээр дарамталж эхлэв. Сүүлдээ МАХН-ыг нууц байдалд шилжүүлэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. Энэ тухай өнөөдөр Ц.Шинэбаяр албан ёсоор мэдэгдэв. Ингээд нууц бүлгэмүүд олноор байгуулагдах бололтой. Яг л Оросын хувьсгалын эхэн үеийнх шиг юм болж байх шиг байна. Ленин гэж нэг том улс төрч байлаа шүү дээ. Түүнтэй эн зэрэгцэх Троцкий нууц бүлгэмүүдийнхээ дунд ихээхэн нэр хүндтэй байсан гэдэг. Сүүлд нь Лениний эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж гүжирдүүлсээр гадаад руу оргож гарсан юм. Троцкий хилийн дээс алхахдаа үдэн гаргагч цөөн хүмүүст хандан “Би гадаад оронд та нарыг бодвол зовлон бага амсах байх. Та нар минь цаашдаа маш хүнд хатуу юм үзнэ дээ” гэсэн нь Лениний ард түмнээ хоморголон хороох, алан хядах үйл ажиллагааг урьдаас мэдсэн юм шиг хэлсэн хэрэг байлаа. Н.Энхбаяр, Ц.Шинэбаяр нар тэдний хойд дүр болж байгаа юм даг уу даа. Монголд Оросын хувьсгалын хоёр том зүтгэлтэн мэндэлжээ гэхэд дэгэсдүүлэг болохгүй биз. Тэдний сүүлийн үеийн тэмцлийн арга хэлбэр тун төстэй болж байна. Ард түмний шүүх байгуулж олигархиудын хөрөнгийг хураана ч гэх шиг. Хачин аймаар зүйл сонсогдох боллоо. Нууц бүлгэмүүд нь гудамж хороо болгон дээр байгуулагдвал жинхэнэ “хувьсгал” болох юм болов уу даа. Ц.Нямдорж тэднийг “Чаддаг юм бол Сүхбаатарын талбайг хүмүүсээрээ дүүргэчих л дээ. Тэгвэл шаардлагыг чинь биелүүлье” гэж тавласан гэнэ. Харин хариуд нь тэр хоёр Ленин, Троцкийн дүрээр нууц ажиллагаагаа ийнхүү эхэлжээ. Эрх мэдэлд хүрэхийн төлөө дөргүй бух шиг зөрүүдэлцгээх энэ хүмүүс юу л хийх гээд байна даа.
Я.Ымербек.mn
Сэтгэгдэл ( 0 )