Дурлал
Дурлал гэдэг энэ, орчуулгын хачин үг
Дуулиан ид хадааж байх тавиад онд
Амраг хайрын тавцанд би гарч
Аминыхаа "Ромео Жульетта"-г би тоглосон,
Өрөөлийг би хэцүүхэн хайрладаг байсан юм.
Өөрөө тэр хайрандаан шатчихдаг байсан юм.
Өр зүрхээн олон дахин бусдад
Өшиглүүлж, хариуд нь өшиглөж явсан юм.
Хорвоод хүн үүссэн цагаас эхлээд
Хорьдугаар зууны намайг хуртэл
Дурлал хайр гэдэг ийм л байсан юмсанж
Дуурайснаас биш, нээсэн юм алга аа!
Гэхдээ, хүн хуучрахаас, дурлал хуучирдаггүй,
Гэнэн сэтгэл элэгдэхээс, дур хүсэл элэгддэггүй.
Агаар, хоол, зүүд нойр шиг давтан давтаж
Амтлан жаргаж болдог ид шидтэй эд юм.
Дурлал гэгчээр би гэр барьж ч үзлээ.
Дун цагаан ордон харш ч бүтээлээ.
Дутуу дулим овоохой босгож ч явлаа.
Дуусаад нурахаараа бүгд адилхан юм санж.
Янаг хайрын тавцанд би олон удаа
Янз бүрийн комеди ч тоглолоо,
трагеди ч тоглолоо.
Ялж байна гээд ялагдаж ч үзлээ.
Ялагдах тусмаа амттай байдаг юм билээ.
Одоо бодоход тэр тавцан дээр би
Олсон нь бага, алдсан нь их байна.
Яамай тэгэхдээ, хүн алсангүй, хүнд алуулсангүй
Ял ч үгүй, гавьяа ч үгүй, харин
Янаг дурлалын тавцан дээр
Яго болоогүй гавьяа бий!
Шоронгийн дуу
Эль хуль-чимээгүйн дунд ужиг хатуу шорон,
Эрлэг номун хааны орд мэт "Улсын төв шорон"...
Энэ зууны чимээг өргөст тороор хориглож
Энд гагцхүү хар төмөр ноёрхоно..
Хана хэрмийн түгжээ төмөр харжигнанхан,
Хаалга үүд бүхэн нилдээ төмөр тас нясхийн,
Хатуу бат цоож цөм төмөр янхийж,
Халуун гарт хийсэн
хүйтэн гавны төмөр шархийнэ!
Харуулын хутган жад төмөр хараалаар харааж,
Харгалзагчийн бууны замаг төмөр тушаалаар тушааж
Хоригдол ачдаг тэрэгний төмөр чингэлэг цантаж,
Хоол ундны аяга төмөр инээдээр инээж
Бос! Суу! гэсэн команд төмөр авиагаар цуурайлж,
Болохгүй! Хориглоно! гэсэн үгс төмөр амьсгалаар давтаж
Бодит орчлонгоос ангид төрийн чанга шоронд
Босоо хэвтээ цөм төмрийн эрхшээлд сөгдөнө.
Хүн энд хэлгүй ... болон хувирч,
Хүйтэн төмөр энд хэмжээгүй эрхээ эдлэнхэн,
Гагцхүү, энд л дуулж болох -
Гав гинжний эртний дууг дуулан байна.
Үсээ хяргуулахад бодсон шүлэг
Хадуур барьсан үхдэл мэт
Харгалзагч та
Халиурсан үсийг минь
Авах сан гээд байвал
Ав л даа!
Авсан үс ахиад ургана.
Ахиад авбал дахиад ургана!
Ургасан үсийг та нар авахаас
Ургуулах толгойг та нар
Авах сан гэж бодовч
Авч чадахгүй ээ!
Эрх чөлөөтэй явахдаан
Эрэлхэж
Эмэгтэй хүний нүднээс бөмбөрүулсэн нулимс
Энд амтагдана.
Эрэмгий зугуу насандаан
Эндүүрч
Эр нөхрийн хамраас дуслуулсан цус
Энд чамлагдана.
Ээжийгээ зовоонхон
Элгийг нь
Эмтэлж явсан зовлон гуниг
Энд амтагдана.
Талын шар тарвагыг
Тарчлааж
Тамлаж алсан нүгэл хилэнц
Энд амтагдана.
Энэхүү шорон гэгч гашууны эх оронд
Эрх чөлөөтэйдөөн нулимж явсан бүхний
Эрдэнэ мэт сайхан амт амтагдана.
Эр нөхөр гэж
Эндүүрч явсан дайсны
Эхүүн агаад муухай амт амтагдана.
Дэргэдээс нь хараад ойлгоогүй явсан ертөнцийн
гашуун үнэн амтагдана.
Дээрээс отсон сэлэмний ирнээс дуссан
нөхрийн цус амтагдана.
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )