Шүлэг: Жирмийн сүлжээ хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

Тангадын Галсан

 

Ардын уран зохиолч, МУСГЗ Т.Галсан Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, 1932 онд төрсөн. МУИС төгсчээ. Анхны номоо “Төрсөн хүүгийн чинь үг” нэрээр 1962 онд хэвлүүлснээс хойш уран зохиолын олон төрлөөр 20 гаруй ном туурвижээ. МУЗД-ийн 63-р боть “Өлгий нутгийн дуулал” нэртэй хэвлэгдсэн нь Т.Галсангийнх юм. Түүний шүлэг зохиол Монголын уран зохиолд дээгүүр байранд ордгоороо түмний танил болсон бүлгээ.

 

 

 

Жирмийн сүлжээ хэмээх дөрвөн мөртийн цоморлигоос 

1. Афган андын асуулт

Танай нутагт эрийн гурван наадам болдог юм гэв үү?
Таван зуун арван хоёр бөхөөс нэг нь үзүүрлэдэг юм гэв үү?

Нар тэр өдөр жаргахаан мартан наадамддаг гэв үү?

Мянган морь уралдаж гав ганц нь түрүүлдэг юм гэв үү?

 

2. Уртын дуу

Уудам саруулхнаараа яг л Монголын дорнод тал

Утга гүнзгийгээрээн яг л гүн ухааны нэвтэрхий толь

Уяхан хүнлэгээрээ яг л эх хүний сүүн сэтгэл

Уртын дуу Монгол дуу удахгүй сансрын аялгуу!

 

3. Ухаант буурлын асуулт  

Гол гатлаагүй хүнийг усчин гэдэг юм уу?                                                                       Тал туулаагүй морийг унаа гэдэг юм уу?                                                                       Гал асаагаагуй бүсгүйг бэр гэдэг юм уу?                                                                                 Хил манаагүй хөвгүүнийг эр гэдэг юм уу?

4. Хос дэрний дууль

Хорондоо хоорондоо холдохгүй ээ хө! гэх шиг

Хоёр дэр зэрэгцэн хэвтэнэ

Үнэнч хосын дэр болохоосоон урьд

Үүр нэгтэй шувуу байсныг буу гэрчилнэ!

 

5. Үр ач өсч торнихын нууц

Идээ ундаа элбэгтэй айлд хүү төө өсдөг  

Инээд баясал бялхаастай айлд хүү тохой өсдөг

Итгэл хайр тэгшрээстэй айлд хүү дэлэм өсдөг

Эрдэм ажил жигдрээстэй айлд хүү алд өсдөг

 

6.Эх

Анаж занаж дайсан хүүгий нь хороохоор иржээ

Ачтай эх нь үрээн нүднийхээ цөцгийд нуужээ

Хартай дайсан хүүгий нь хаана байгааг мэдчихжээ

Хайртай эх нь үрээн зүрхнийхээ ховдолд нуужээ

 

7.Дандарбаатар

Дандар хүү шархтай баавгайнаас хулчийдаггүй байсан юм  

Далан сэлэмтэн дайран ирэхэд дальдардаггүй байсан юм

Дайсандаа ч нөхөртөө ч арангатай Маршалаас айдаггүй байсан юм

Даруухан ээжийнхээ өмнө тамхи асааж зүрхэлдэггүй байсан юм

 

8. Манайд малчин ховордсоны учир   

Дээлээн даахуйцаа болсны нь сургууль аваад явчихсан юм аа

Дээврээн даахуйцаа болсны нь цэрэгт татаад авчихсан юм аа

Тэмээ адуу дутаасны нь шүүх дуудаад авчихсан юм аа

Дээхнэ үеийн нь малчид диваажинд залагдаад одсон юм аа!

 

9.Монгол заншил

Өөрсдөөн даалимба хөдөс өмсдөг    

Үр ачаан нэхийд өлгийддөг

Номыг харин торгоор баринтаглаж бурхныхаа дээр залдаг

Монгол түмний минь заншил гайхамшиг!

Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нямцэцэг (202.126.88.143) 2024 оны 03 сарын 03

Цагаан сарын шинийн нэгэн

3  |  0
Айша(66.181.179.57) 2024 оны 03 сарын 21

Маш гоё шүлэг байна\n

4  |  0
номин(202.126.89.232) 2024 оны 03 сарын 21

бүрэн эх байхгүй юм уу

14  |  2
заяа(203.194.116.28) 2024 оны 03 сарын 21

энэ шүлгийг ямар учраас бичих болсон бэ?

11  |  0
Г. Эрдэнэ-төгс(112.72.13.233) 2024 оны 03 сарын 03

өө энэ шүлэгчинэ дутуу байна ш бээ !!!

6  |  4
Top