Ш.Сайхансамбууд гурван жил хорих зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ: Түүнээс хахууль авсан улс төрчид тодрох мөч ойртлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 04

“Би авлига өгсөн гишүүдтэйгээ мөр зэрэгцээд сууж байна” гэж ярилцлага өгсөн Ш.Сайхансамбуу гишүүнийг Авлигатай тэмцэх газраас дуудаж мэдүүлэг авсан байдаг. “Ам алдвал барьж болдоггүй хойно Ш.Сайхансамбуу хахууль өгсөн гишүүдээ нэрлэхээс өөр аргагүй боллоо” гэж Zindaa.mn сайтын сэтгүүлч Ө.Мэргэндүү хэвлэлд ярилцлага өгснийх нь дараа анх удаа асуудал дэвшүүлж, Авлигатай тэмцэх газрын даргад хаяглан нийтлэл бичиж байв. Өнгөрсөн 5-р сарын 2-ноос эхлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбууд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Сонинд өгсөн ярилцлагынх нь мөрөөр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шуурхай арга хэмжээ авч, баримт бүрдүүлсэн байна. Баримтыг прокурорын байгууллага хянаад эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Ш.Сайхансамбуу гишүүнийг ярилцлагынх нь мөрөөр Авлигатай тэмцэх газрынхан анх удаа дуудаж асуухад "Би ярилцлага өгсөн. Гэхдээ хахууль өгсөн гэж хэлээгүй. Сэтгүүлч хэтрүүлсэн байна" хэмээн сэтгүүлч рүү бухаж үзсэн байна. Гэвч түүний хэлсэн ярьсан үг бүр нь диктафонд хураагдсан учир мэлзэх, бултах ямар ч боломжгүй болжээ.

Монголын хамгийн баян хүмүүсийн нэг Ш.Сайхансамбуу хахууль авсан гишүүдээ нэрлэж өөртөө холбогдох гурван жил хоригдох хуулийн хариуцлага хүлээх, эсвэл 75 хүний нэр төрд халдсан хэргээр мөн л ял сонсох хоёр замын нэгийг сонгох болжээ. Тэр энэ үгээ уг нь чуулган дээр хэлчихсэн бол хариуцлага хүлээхгүй байж болох байлаа. Манай улсад УИХ-ын гишүүн хүн чуулганы танхимд хүнийг гүтгэж, заналхийлж, доромжилж болдог "аятайхан" хуультай. Сэтгүүлчид бааварлаад ярьчихсан учраас ийнхүү дээлээ нөмрөх дээрээ тулаад байна. Ер нь бол мөнгөтэй хүн шүүх, цагдаагийн байгууллагыг тэр чигт нь худалдаад авчихдаг болсон цаг. Арай ч хахуулийн хэргийг хахиулаар дарчихгүй биз.

Хэрвээ Ш.Сайхамсамбуу гишүүний буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 1-д заасан ёсоор Албан тушаалтанд өөрөө буюу бусдаар дамжуулж хээл хахууль өгсөн хэмээн яллагдах аж. Ялын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нугалсан, эсвэл гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуулинд заажээ. Хэрвээ "Би худлаа ярьсан" гэж хүлээвэл мөн л эрүүгийн хуулийн дагуу доод тал нь 2.5 жил хорих ял, хамгийн багадаа торгуулийн ял хүлээнэ. Хамгийн гол нь түүний улс төрийн карьер үүгээр "конец" болох билээ.

 

Б.Сараа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top