Ш.Сайхансамбуу өнөөгийн парламент яг цэрэг шиг оны ялгаатайг нотлов

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Ш.Сайхансамбуу гишүүн дахиад л өөрийн хүзүү, толгойг ороосон юм яриад эхэллээ. Тэр нэлээд хэд хоногийн өмнө “Авлига авдаг хүмүүс миний хажууд сууж байна” гэж хэлээд Авлигатай тэмцэх газарт дуудагдан, эрүү үүсгэгдээд байгаа. Шударга үнэний төлөө ингэж зоригтой дуугарав уу гэтэл үгүй бололтой. Одоо болтол хажуудаа суугаад байгаа авлигачийг нэрлээгүй л байгаа.  Түүний С.Баярт өгч байсан гэх олон сая төгрөгийн сэжүүрээс Zindaa.mn сайт мэдээлсэн. Тэгвэл авлигачдаа нэрлэхээс айгаад байгаагаас харахад өөрөө авлига өгдөг, бусад нь авдаг юм шиг байна. Монголын тэрбумтнуудын эгнээнд яваа түүний хувьд хүмүүст авлига тарааж өгөх боломжтой л доо. Гэвч авлига авсан хүнээ зааж өгөөгүй байж саяхан бас “УИХ-д тасралтгүй сонгогдсон хүмүүс ашиг сонирхлын зөрчилтэй байдаг” гэжээ. Уг нь ашиг сонирхлын зөрчил бол авлигыг төрүүлдэг зүйлийн нэг юм. Түүний ийнхүү түрүүчийнхээ үгийг булзааруулан, хүмүүсийн анхаарлыг өөрөөсөө төөрүүлэхийн тулд УИХ-д удаан суусан хүмүүс рүүгээ довтолж гарав. Гэхдээ сонирхолтой нь тэдгээр УИХ-д олон удаа сонгогдсон хүмүүс л төрийн бодлогыг тодорхойлдог, тэд “халагдах” цэрэг шиг шинээр орж ирсэн гишүүддээ дээрэнгүй ханддаг, хэдүүлхнээ нийлээд бодлого боловсруулдаг гэх зэргээр бас л баахан шүүмж, гомдлын үг чулуудаж байна. Тэнэг хүн тэхий дундуур нь гэгчээр түүний дэгэн догонтой ярианаас ямартай ч УИХ-д яг цэрэг шиг оны ялгаа байдаг гэсэн санаа анх удаа сонсогдлоо. Парламентын хуучин цэргүүд төрийн бодлого  тодорхойлж, шинэ цэргүүд нь зөвхөн даган баясахаас өөр юм хийдэггүй бололтой.  Хуучин цэргүүд ашиг сонирхлын зөрчлөөсөө салж чадахаа больсон, бүр амьтай нь холбоотой болчихсон байдаг ажээ. Ш.Сайхансамбуу энэ удаа ийнхүү нэлээд ноцтой зүйл ярилаа. Парламентад насаараа шахуу суусан хуучин цэргүүд нь  түүнийг эг л өдөр барьж аваад баахан дэглэх байх даа, хөөрхий.   

Д.Билгүүн. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top