Ирэх бямба гарагт тэмдэглэх “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр”-өөр нийслэлийн Захирагчийн ажлын албанаас 5000 хүн оролцсон Туул голоо цэвэрлэх ажил хийгдэж, дүүрэг бүрээс ажилгүй иргэдийг хамруулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажлыг зохион байгуулна. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн ажлын хүрээнд зарим иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс гаргаж байгаа санаачилгыг дэмжин жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийн амралтын өдрийг “Хөгжлийн төлөө хамтдаа” уриан дор “Бүх нийтийн хөдөлмөрийн өдөр” болгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарснаар хот суурин газрын тохижилтыг сайжруулах, байгаль орчноо нөхөн сэргээх, соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах, хот суурин газруудын дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хийгдэх нийгмийн бүтээлч ажлын жагсаалтыг гарган, өөрийн нөөц санхүүгийн бололцоонд нийцүүлэн үр дүнтэй хэрэгжүүлж, тайлангаа ирүүлэхийг харьяа газар, дүүргүүдийн удирдлагуудад үүрэг болгожээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )