” Лемонс” болон ”Э-Лайн” хамтлагийн залуус ял авчээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Баянзүрх дүүргийн шүүхээр өнгөрсөн даваа гарагт Г.Билгүүн нарын найман хүнд холбогдох хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг шийдвэрлэлээ. "Э-Лайн" болон "Лемонс" хамтлагийн гишүүд холбогдсон энэ хэргийг өнгөрсөн намар цагдаагийн ажилтнууд илрүүлэн шалгаж эхэлжээ. Уг хэрэгт "Э-Лайн" хамтлагийн дуучин Т.Үүрцайх, "Лемонс" хамтлагийн аргил гитарчин Б.Анар болон рок хөгжим сонирхогч Г.Билгүүн, Б.Билгүүн, Н.Энх-Учрал, Н.Инжинаш, О.Содбилэг, Э.Бархас нарыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг хууль бусаар олж авч хадгалсан, хэрэглэсэн, зарим хүнийг удаа дараа ийм үйлдэл гаргасан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж. Т.Үүрцайх, Г.Билгүүн нарт 7-11 жил хорих ял, бусдад нь нэгээс дээш жил хорих ял шийтгэх санал гаргасан байна.

Харин Баянзүрх дүүргийн шүүх уг хэргийг анхан шатны журмаар хэлэлцээд прокуророос төлөвлөсөн ялын зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилжээ. Ингээд Т.Үүрцайхад хоёр, Г.Билгүүнд нэг жил10 сар, Б.Билгүүнд нэг жил зургаан сар, Н.Энх-Учралд нэг жил хорих ял оноосон байна. Мөн Н.Инжинаш, О.Содбилэг, Б.Анар нарт зургаан сарын хугацаагаар баривчлах ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ. Хэдийгээр уг хэрэгт "Лемонс" хамтлагийн дуучин Ц.Одбаяр холбогдоод байсан ч прокурор түүний хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top