Эрх баригчид долоон телевизийг хааж хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр бэлэг барилаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)–ноос нэр бүхий телевизүүдийн үйл ажиллагаа зогсоожээ. Дэлхий нийтээр хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг тавдугаар сарын 3-ны өдөр “Оллоо”,”Соёмбо”, “Одод”, болон том дөрвөн телевизийн 2-р сувгуудыг хаажээ. Энэ нь Монголд өнөөдөр хэвлэл мэдээллийн салбар маш хэврэг байгааг тодоос тод харуулж байна. Энэ талаар 25-р суваг телевизийн II сувгийн ерөнхий редактор А.Баатархуягийн “Өдрийн сонинд” өгсөн ярилцлагаас товч хүргэе. “Улаанбаатар хотын 85 хувийг хамарсан том сүлжээтэй "Сансар" кабелийн телевизийн сүлжээнээс эрх аваад хоёрдугаар сувгуудыг цацдаг. Гэтэл хоёрдугаар сувгуудыг тусгай зөвшөөрөлтэй бол гэж байгаа. Ер нь эрх баригчдын зүгээс телевизүүдийг ганц айлгадаг юм нь “Тусгай зөвшөөрлийг чинь хураана шүү” гэсэн далайлт байдаг. Мэдээллийн хэрэгслээр тэдний эрх ашиг хөндөгдөөд эхэлбэл энэ үгийг л эхлээд хэлдэг. Эфирийн телевизүүд тусгай зөвшөөрөлтэй. Одоо харин кабелийн телевизүүдийг бас ийм тусгай зөвшөөрөлтэй болгож байгаагаас гадна телевизүүдийг төрөлж гэж шаардлага тавьж байна. Үүнийг Телевизүүдийн холбооны зүгээс цаг нь арай болоогүй гэж үзэж байгаа.  Дээр нь эфирийн телевизийн рекламны цагийг 15 минут л байх ёстой гэж хязгаарлаж байна. Рекламаараа тэжээгдэж амьдардаг бид рекламныхаа үнийг л нэмнэ. Энэ нь ард түмэн болон бизнес эрхлэгчдэд шууд дарамт ирж байна гэсэн үг. Гэтэл төр өөрөө бүх юмны үнэ өсөх ажлыг ингэж эхлүүлж байгаа нь хэвлэл мэдээлэл олигархижаж эхэлж байгаагийн илрэл. Ардаа том компанитай, том эзэдтэй телевизүүд үүнийг ажрахгүй даваад явчихна. Харин бие даасан, хараат бус, реклам сурталчилгаагаараа санхүүждэг хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдэд цаагуураа “Та нар дампуур. Тэгээд ардаа том телевизтэй нь үлд” гэсэн шахалт л даа.  Ядаж 15 жилийн түүхтэй телевизүүдээсээ үүнийг асуух ёстой байхгүй юу.  Бас нэг асуудал бол Солонгосын сериалуудын зохиогчийн эрхийг заавал худалдаж ав гэж байгаа юм.  Үүнийгээ тайлбарлахдаа эфирт гарч байгаа бүтээгдэхүүний  50-иас доошгүй хувь нь дотоодынх байх ёстой гэсэн шаардлага. Монголын телевизүүдээс өнөөдрийг хүртэл Солонгосын нэг ч компани “Манай киног хулгайлаад байна” гэж хэл ам хийгээгүй. Солонгосын талтай гэрээ хийгээд тэнд гарч байгаагаас нь хоёр ангийн зөрүүтэй, цаг алдалгүй гаргаж байгаа. Гэтэл бүр 1000 доллараар худалдаж ав гэсэн шаардлага тавьж байгаа юм билээ.  Ер нь худалдаж авлаа гээд Монголд ямар ашиг байгаа юм бэ. Солонгос руу л баахан мөнгө урсана.  Ядарсан эдийн засгаа ингэмээргүй л байна шүү дээ” хэмээн ярьжээ. Энэ бүгдээс харахад  Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан журмыг телевизүүд хүлээж авлаа гэхэд хөлөө олох гэж байгаа телевизүүд үүдээ барих вий. Ардаа том эзэдтэй буюу эрх баригчдын  телевизүүд үлдэж улс төрийн нөлөөллөө ихэсгэж ард түмний тархийг өөрийн тааллаар угаах таатай мөч ирнэ гэсэн үг.  Орост яг л ийм зарчмаар Путин бүх телевизүүдийг гартаа хийсэн. Устгахыг нь устгаж, зөвхөн өөрсдийнх нь талд үйлчилж, тэдний эрх ашиг, дуу хоолойг нийгэмд түгээх хэдхэн телевизийг үлдээсэн билээ. Хар мөрөө үлдээсэн долдугаар сарын 1-нд яалаа даа. Ганц үндэсний сувгаар мэдээлэл цацаад байсан. Сүүлд нь өөр сувгуудын нэвтрүүлгийг үзэхэд халуун цэг дээр болсон маш олон мэдээллийг ард түмэнд хүргээгүй байсныг уншигч та санаж байгаа байх. Сонгууль дөхөж байгаа өнөө үед эрх баригчдын зүгээс ийм шийдвэр гаргадаг нь өөрсдийнх нь улс төрийн  булхайг илчилнэ гэж айснаас үүдэлтэй нь ойлгомжтой. Юутай ч дэлхий нийтээр хэвлэлийн эрх чөлөөг тунхагладаг тавдугаар сарын 3-ны өдөр “Сансар” телевизэд “Нөгөөдүүлээ хаа” гэсэн захирамж бичиг өгөөд долоон телевизийг боомилон эрх баригчдын зүгээс бэлэг барилаа.  

Д.Сэндэр. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top