Хүний хөгжлийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачлан Засгийн газарт өргөн мэдүүлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ж.Сүхбаатар нар өчигдөр мэдээллээ.
Уг хуулийн төслийн агуулга нь ахмад настнууд болон малчдад банкны зээлээ Хүний хөгжлийн сангийн хувь хишгээр барагдуулах боломж олгоход чиглэжээ. Хүний хөгжлийн сангаас бэлэн бусаар олгохоор шийдвэрлэсэн нэг сая төгрөгийн хувь хишгийг банкны зээлийг барагдуулахад зарцуулах боломж олгохыг орон нутагт ажиллах үеэр иргэд хүсдэг байна. Ийн иргэдийн гаргаж байгаа саналд үндэслэн хуулийн төсөл санаачилснаа тайлбарласан юм. Одоогийн байдлаар малчид 45.2 тэрбум төгрөгийн малчны зээлтэй байгаа бол ахмад настнуудын 166 мянга гаруй нь арилжааны банкуудаас тэтгэврийн зээл авсан байдаг аж. Тодруулбал, 214 мянган ахмад настнаас 166200 нь тэтгэврийн зээлтэй байгаа аж. Засгийн газар УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд нэг сарын дотор багтаан саналаа өгөх учиртай. Хүний хөгжлийн сангийн хуульд өөрчлөлт оруулахаар төсөл санаачилсан гишүүд уг хуулийг УИХ-ын хаврын чуулганаар батлуулахаар зорьж байгаа аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )