Дөрөвдүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын Комисс (ЗГХК)-ын XI хуралдаан болов.
Хуралдаанд Монголын төлөөлөгчдийг Комиссын Монголын хэсгийн дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Финландыг тус улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Эско Хамило нар тэргүүлэн оролцов. ЗГХК-ын хуралдаанд Финландын Гадаад хэргийн яам, Эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Аж үйлдвэрүүдийн холбоо, Финландын сан, Латти муж дахь Шинжлэх ухаан, бизнесийн парк, Сэргээгдэх эрчим хүчний судалгааны "Энерон" төв, "Олион" групп зэрэг төрийн болон хувийн хэвшил, төрийн бус 20 шахам байгууллагын төлөөллүүд оролцсон юм.
Хуралдааны үеэр хоёр тал тус тусын орны нийгэм эдийн засгийн хөгжлийн өнөөгийн байдал, ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа томоохон арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлсэн. Мөн хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов.
Финланд Улсын Умардын хөгжлийн загвар, Европын Холбооны нийтлэг зарчим, стандарт, хэм хэмжээг Монгол оронд нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар хоёр тал тогтлоо.
Хуралдаанд оролцсон Монголын төлөөлөгчид Финланд улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Перти Торстила, Ерөнхий захирал Элина Калкку, Лахти хотын дарга Жирки Милливерта, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үндэсний хүрээлэнгийн Туслах ерөнхий нарийн бичгийн дарга Марина Эрхола болон албаны бусад хүмүүстэй уулзаж боловсрол, соёл, шинжлэх ухаан, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүч, ойн аж ахуй, эрдэс баялаг, геологийн салбарт хамтран ажиллах, цаа буга өсгөн үржүүлэх, мазаалай зэрэг "Улаан ном"-д орсон амьтдыг хамгаалах боломжуудыг судалж үзэхээр тогтсон юм. Финландын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үндэсний хүрээлэн нь 2000 оноос хойш Монгол Улсын ЭМЯ, НХХЯ-тай хамтран хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн бөгөөд тухайн салбартаа мэргэшсэн эрдэм шинжилгээний томоохон байгууллага бөгөөд цаашид хоёр талын шугамаар хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхээр тохиролцлоо.
ЗГХК-ын XI хуралдаан төлөвлөсөн асуудлуудаа амжилттай хэлэлцэж, 2013 онд Улаанбаатар хотноо дараагийн ээлжит хуралдааныг хийхээр шийдвэрлэв.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )