Миний эрх бусдын хамарт хүрэхийн өмнө дуусна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Дэлхий дахинд Монгол Улс юугаараа хамгийн сайнаар үнэлэгддэг вэ, өнөөдөр. “Монгол бол хамгийн амгалан тайван орон” гэцгээнэ. “Ардчилсан өөрчлөлтийг оготны хамраас ч цус гаргалгүй хийсэн” ардчиллын үлгэр жишээч орон хэмээнэ. Ийм байгаагийн цаад учир шалтгаан юунд оршино?

Манай монголчууд дан ганц өөрийн эрхийг дөвийлгөх биш эрх үүргийг хамтад нь ухамсарлуулж өдөр тутмын зан үйлээр нь хэвшүүлж иржээ. Энэ нь бусдын эрхийг хүндэтгэж, амгалан тайван оршихуйн үндэс нь буюу. Энэ нь "Миний эрх бусдын хамарт хүрэхийн өмнө дуусна" гэсэн ардчиллын алтан зарчмыг хэрэгжүүлж ирсний бодит үлгэрлэл байсан гэдгийг ам бардам хэлнэ. Монголчууд "бусдын хамарт хүрэх"-ийг цээрлэж ирсэн ба "хамраа 3 сөргүүлэхэд уурладаггүй" тийм занг хүүхдүүддээ төлөвшүүлж иржээ. Харин бид сүүлийн жилүүдэд эрх үүргийн нэгдлийн тухай төдийлөн чанга дуугаар ярьж ирсэнгүй. Ийм яриа үгүй бол хууль ёс зөрчигдөж, түүнийгээ эрхээ эдэлж байгаа мэтээр тайлбарлана.

Бидний монголчуудын дэлхий дахинд гайхагдаж байсан тэр амгалан тайван орны тухай үнэлгээ яагаад өөрчлөгдөхөд хүрэв? Сүүлийн үеийн үйл явцуудыг энэ талаас дүгнэн үзвээс:

Хамгийн гашуун жишээ "7 сарын 1" хэмээгдсэн үйлдэл. Нийгэмд тогтоосон хуулиудыг үл ойшоон зөрчсөөр байх, түүнийгээ төрийн хүмүүсийн ажлын  дутагдлаар "зөвтгөх" аргаар хийгдсэн. Төрийн байгууллагуудын хүрээнд гарч буй аливаа хариуцлагагүй явдал, хүнд суртал, шударга бус байдал, бохир улс төр нь ийм зүйлийн таатай хөрс суурь болдог. Дээрх хууль зөрчсөн үйлдлүүд нь бие биенээ нөхцөлдүүлж, эцсийн мөчид олон нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зөвхөн хохирсон хүмүүс, гэр бүл, олон нийт үлдэж, улс орны аюулгүй байдалд хохирол учирдаг. Үүнд ялагч гэж байдаггүй. Өнөөдөр хийгдэж буй зарим хүний үйлдэл ч үүний адил юм. Ийм асар муу үр дагаврыг хүн бүр харин төдийлөн анзаардаггүй, "Зөв асуудал тавьж байгаа юм чинь зөв" хэмээн боддог. Асуудлыг ярьж байгаа нь зөв боловч цаанаа тэрхүү "Асуудлыг" шийдвэрлэх буруу арга замыг сурталчилж байгаа нь хамгийн хортой юм. "Зорилго нь аргыг зөвтгөх ёсгүй" гэдгийг хүн бүр уг нь мэднэ.

"Асуудлыг" бид гагцхүү хуулийг дагаж мөрдөх замаар л шийднэ. Ганц нэг хүмүүсийн ярьж уриалж байгаа шиг хуулийн бус аргаар шийдвэрлэхгүй. Нөгөө талаар ийм "асуудлыг" зөвхөн хувийн явцуу сонирхолдоо ашиглахыг хэн нэгэнд зөвшөөрөх ёсгүй.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top