Р.Чойном: М.Цэрэндуламдаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

 

Батноровт чи бидэн хоёр учирлаа

 

Уйтгартай газар-Батноров л гэх юм,

Усгүй, модгүй, хөгжилгүй л гэх юм,

Улаанбаатараас би чамайгаа олоогүй

Учирч энэ л Батноровт даслаа даа

 

 

Батноров устай байлаа гээд                            ^

Балгах устай нь сэтгэл холбох биш

Батноров модтой байлаа гээд,

Баахан модтой нь хайраа хуваалцах биш

 

Эхнэр хүүхдийн хов жив ихтэй

Эл хультөвд нь чамтайгаа даслаа

Эрчтэй салхинд улаанаар эргэдэг

Элсэн дээр нь чамтайгаа даслаа

 

Хотод бол бульдозерын хусуураар

Ховх түрмээр тэр муу байшин

Хоёр биений маань учран жаргах

Хорвоогийн ганц диваажин минь байлаа.

 

Хавар цагийн өвөлжөө шиг клуб нь

Харахад муухай ч түүн дотор нь

"Халуун цас"-ыг үзэж суухдаа

Хамгийн анхны үүд маань нээгдсэн!

 

Харилцаа холбооны емгөр байшин,

Хайстай мод, нэгдлийн контор

Харанхуй шөнө унтардаг гэрэл

Энэ бүхэн биднийг учруулсан.

 

Баяр, гуниг, аймшиг-тайвшрал

Бараан шөнийн хомсхон жаргал...

Бас гоморхол, хайрлалаа амссан

Батноровыг бид мартаж чадахгүй!

 

Хоёр жигүүрийнхээ нэгийг

таслуулсан шувуу шиг

Хонгор чамайгаа явуулчихаад би чинь

Энэ байшин, клуб, холбоог хараад

Элэг зүрх шимшрэн гуниглах байх даа.

 

Урьтаад би явчих юм бол

Учран дассан уяхан чи минь

Усан нүдэлж гав ганцаардан

Уяатай ботго шиг л үлдэх байх даа...

 

Амраг дурлал маань урвах юм бол

Аль ч газраас би Батноровт ирээд

Анхан чамтай үнсэлдсэн газар дээр

Амьсгал юугаан хураах болно.

М.Цэрэндуламдаа 

Дасаж янагласан хонгор минь ээ,

Дахиад нэг шүлгийг минь уншаач

Даанч би чамдаа хайртай шигээ

Даанч бас богинохон настай шүү!

 

Амраглалын сайханд хууртаад

Аюул бүхнийг мартаж болно,

Уран шүлгийн үгэнд хууртаад

Урьдах хойтохоо мартаж болно.

 

Сайхан чамайгаа хараад би

Сартай хорвоог мартаж болно,

Муухай хүүгээ хараад чи

Муу бүхнийг мартаж болно.

 

Харин, яруу найрагчийн ард

Хариугүй ойрхон ирсэн үхлийг мартаж болохгүй,

Хорвоогийн ганц үнэн тэр болохоор

Хоёр чихээ таглаад ч нэмэргүй.

 

Янаг хонгор минь бүү гайх!

Яанаа-ийнээ гэж бүү гунихар!

Ярих юмаа олж ядаад үүнийг хэлээгүй,

Янгуурхаж, үхлээр дачайлгахдаан үүнийг хэлхээгүй.

 

Амьтан бүхэн хориглож байхад

Амраглаж чи бидэн хоёр дассан

Аргагүй амрагийн хориггүй сэтгэлийг

Аймаг, сумаараа дийлдэггүй юм билээ.

 

Одоо би чинийх, хонгор минь!

Орчлонд би, өөр хэнийх ч биш,

Олны ам сайн ч байсан, муу ч байсан

Осолгүй нэгэн шүлэгч, чинийх боллоо.

 

Алагтай, цоогтой энэ хорвоо дээр

Авьяас, адармаа хоёрыг үүрч төрсөн

Ард шүлэгчийн, өнөөдрөөс хойших

Амьдрал, алдаа, алдар, амраглал, амралт

Цөм чиний юм!

 

Бүгдийг нь чи мэднэ

Бүтээл бүтээлийн дээдээр ургуулна уу,

Бүтээлэг даавуун доогуур шургуулна уу,

Бүр, гэр-тэрэгний морь болгоно уу,

Бүгдийг нь чи мэднэ!

 

Харин ганцхан юмыг чи мэдэхгүй,

Хайрлаж байсан ч,

Хайр нь хуучраад харааж байсан ч,

Хардаж, эсвэл чи өөрөө мэхэлж байсан ч

Хайхралгүй нэг л аюумшигт өдөр

Хагацал гэдэг сүрт аюул ирнэ.

Түүнийг хойшлуулж, урагшлуулж чи мэдэхгүй.

 

Чин зүрхний хэмжээ харгалзалгүй

Чи үлдэж, би явна.

Чивэл нүгэлт хорвоогийн бахыг хангаж

Чи минь, арчаагүй охин шиг уйлан хайлна.

 

Тэгээд, яруу найрагч алга болно.

Тэртээ Батноровын дулаахан харанхуй шөнүүдэд

Тэмтэрч нуугдаж бие биедээн очдог байсан

Тэсгэлгүй хайрт хүн чинь алга болно.

 

Багтартлаан чамайг тэвэрч байсан цээж,

Баруун шон дээр нь 23/VI гэж сийлсэн тэр гар,

Байшингийн ханан дээр зүрх зурсан хуруу,

Байн байн чамайг муурч унатал үнссэн хошуу

Байхгүй болно!...

 

Өдөр..., сар..., жилүүд...

Өнгөрсөөр, зузаан гуниг нимгэрнэ.

Өнөө зуны нар шиг халуун хайр

Өнө эртний үлгэр домог шиг хоцрогдоно.

 

Байдал ямар байлаа ч гэсэн, тэр цагт чи

Батноровын дэвтрийг минь сөхөх үү?

Орчлонд ганцхан чамайг гэж явсан шүлэгчийн

Онгироо мөрүүдийг дахин унших уу?

 

Цонхыг чинь тогшиход наддаан

Цочирдож байсан шигээ зүрх чинь

Хорин настай бүсгүйн өндөр хүчдэлээр

Хорвоог мартан догдолж чадах болов уу?

 

Хэрвээ чадах бол чинь би

Хэцүү үхлийг зуун жилээр хойшлуулж чадна.

Чадахгүй гэвэл, өнөөдөр ч би

Чамайгаан орхиод нүд анихад бэлэн байна

 

Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top