Н.Энхбаяр Америк алуурчин Линч үү, эсвэл Гүржийн “хувьсгалч” Сакашвилли юу?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06



Н.Энхбаяртаны улс төрийн тэмцэл ил хэлбэрээсээ далд, нууц байдалд шилжсэн гэнэ. Бүх ард түмний их хуралдай гэгчийнхээ сүүлийн хуралдааны дараа ингэж мэдэгдлээ. Эрх баригчдыг огцруулж, төрөөс төрсөн тэрбумтнууд буюу олигархиудыг түрүүчээс нь нэрлэж цээрлэл хүлээлгэнэ гэдгээ зарлав. Үүний тулд тэд ард түмний онцгой эрхт шүүхийг байгуулах ажээ. Тэгээд Сүхбаатарын талбай дээр тэднийг нэг нэгээр нь юм уу, бөөнөөр нь жагсааж байгаад шүүх бололтой. 1790-ээд оноос 1960 он хүртэл Америкт амь бөхтэй оршиж олон хүний цус нулимсыг барсан өнөөх линчийн шүүхэрхүү юм аа. Анх Линч гэгч зандалчин ийм зэрлэг шүүх цаазыг хууль бусаар явуулж байв. Албан ёсны шүүх байгууллага байсаар байтал шүү дээ. Чарльз Линч гэгч тэр үл бүтэх эр Америкийн хувьсгалын үеэр Виржина хотод анх Английн колончлогчдыг шийтгэх хууль бус шүүхийг байгуулсан юм. Журам сахиулагч хэмээх хүмүүсийг ард түмний дундаас шилж сонгон гаргаж ирнэ. Тэд нар нь хэрэгтэн гэх хүнийг барьж авчраад олны нүдэн дээр алж орхино. Гэм бурууг нь ялгах салгах юм бараг байхгүй. Гэмгүй хүмүүсийг ч гэмтэн мэтээр цоллож байгаад цааш харуулдаг байв. Тэгэхдээ заавал олон түмнийг байлцуулан харсаар байтал нь дүүжлэх, буудах зэргээр тонилгож орхино. Ийм балай шүүхийг Америкийн цагаан арьстнууд голцуу бүрдүүлж байлаа. Тэд шударга ёсыг эрхэмлэнэ, нийгмээ ардчиллын замаар тууштай хөгжүүлнэ гэж лоозогноно. Гэвч хар арьстнуудыг бол үзэхгүй. Тэднийг боолын ёсоор ашиглана. Үндсэндээ дарангуйллын үлгэр жишээ болж байжээ. Үүнээс хойш дэлхий даяараа Линчийн энэ шүүхийг айдас хүйдсийн билэг тэмдэг болгож, линчдэх, линчийн аллага, линчийн хууль хэмээн олон янзаар нэрлэж иржээ. Манайд одоо Н.Энхбаярынхан яг иймэрхүү шүүхийг мөрөөдөөд байх шиг байна. Түүний анд нөхөр М.Энхсайхан ч ийм маягийн шүүхийг хүсээд байгаа бололтой. Өнөөгийн эрх баригчдын бусармаг явдалд ард түмэн бухимдаж буй нь үнэн. Үүнтэй маргаж төрөөс төрсөн тэрбумнуудыг өмөөрөх хэн ч байхгүй. Гэхдээ Линчийн загвараар хууль бус шүүх байгуулах гэж  байгаа бол олигархи, луйварчингаар нь дуудаад байгаа одоогийн эрх мэдэлтэнүүдээс бүр дор юм болно. Хувьсгал хийх нэг хэрэг. Ардчиллыг бүрэн утгаар нь төлөвшүүлэхийн төлөө хувьсал, хувьсгалын алийг ч хийдэг. Харин яаж гэдэг нь ард түмний нийтлэг эрх ашигтай холбоотой болоод явчихдаг юм. 2003 оны үед Гүржид нэг намын дэглэмийн эсрэг ард түмэн нь боссон. Тэнд хуучин Зөвлөлт маягийн тогтолцоо ноёлж байлаа. Зөвлөлтийн эрх баригчдын нэг Швердназе Гүржид Ерөнхийлөгч болчихсон тоталитар дэглэмээр улс орноо удирдаж байсан юм. Түүнд идэж уусан юм багагүй байлаа. Тэгтэл ард түмэн дургүйцэж бослого хөдөлгөөн өрнүүлсээр түүнийг авч хаяад оронд нь Сакашвилли гэгч нөхрийг Ерөнхийлөгч болгожээ. Сакашвилли бол бас манай Н.Энхбаяртаны яриад байгаа шиг төрөөс төрсөн тэрбумтан  олигархиудаа баривчлан өмч хөрөнгийг хураан авч улсын орлого болгохыг хүсч байв. Энэ зорилгоо биелүүлэх гэж чамгүй оролдсон. Тэгээд Ерөнхийлөгч асан Швердназегийн эд хөрөнгийг битүүмжлэн бүртгэж аваад, хаанаас яаж ийм их хөрөнгө цуглуулсан тухай өөрөөс нь тайлбар сонсохоор болжээ. Швердназе түүний ийм мугуйд аргыг эсэргүүцсэн бөгөөд харин тоймтой тайлбар өгч чадаагүй. Сүүлд нь сиймхий гармагц бушуухан оргож Москвад очоод бүгчихсэн юм. Түүний адил 200 гаруй хуучин төрийн албаны томчууд нь Сакашвиллигээс зугтан гадаад руу гарч явсан түүхтэй. Энэ бол Линчийг бодвол дарангуйллын арай өөр хэлбэр бөгөөд саяхны жишээ юм. Сакашвилли уг нь Линчийн шүүх шиг юм ажиллуулах гэсэн ч бүтэлгүйтсэн байлаа. Түүнийг олон хүн одоо шүүмжилж байна. Зарим нь тухайн үед хувьсгалыг дутуу хийсэн гэдэг. Ухаандаа томоохон олигархиудаа бүгдийг шүүн тасалж чадаагүй, социалист маягийн харилцааг бүхэлд нь устгалгүй үлдээсэн гэж байгаа. Харин Украйны шар хувьсгал бол энүүнээс арай өөр байв. Гэхдээ Гүрж, Украйн, Белоруссын хувьсгалчдыг голцуу гадаадаас, тухайлбал Америкаас санхүүжүүлж байсан юм шүү. Н.Энхбаяртангууд ч Америк, Оросоос санхүүжиж байхыг үгүйсгэх аргагүй. Тэд олигархиуд хэмээн нэрлэсэн хүмүүсийг гадагш явуулахгүй байхыг хилийн цэргийнхэнд шаардаад байна. Мөн валютын дансыг нь хүртэл хяналтандаа авсан. Эдгээрээс харахад Сакашвилли санаанд тод бууж ирээд байх юм. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын удирдсан хувьсгал эцэстээ Сүхбаатарын  талбай дээр цөс нь хөөрсөн хэдэн хүн цуглаад олигархиудаа өмнөө жагсаан шүүж, цөлөх, цаазлах, өмчийг нь хураах, хэдэн үеэрээ төрийн албанд орохгүй байх зэрэг ял тулгах уу. Хэрвээ  тэгвэл тэдний яриад байгаа хувьсгал гэгч нь нэг дарангуйлагчийг нөгөөгөөр сольсон явдал болохоос хэтрэхгүй. Бас нэгэн шинэ маягийн солиорол болж мэднэ. Харин ингэж дэмийрч байхын оронд ядуусаа өөд татаж, хүчирхэг бие хүмүүсийг өсгөж өндийлгөх , иргэдээ шинэ соёл дор иргэншүүлэх, гэгээрүүлэхийн төлөө юм хийвэл арай жинтэй өөр хэв загварын хувьсгал болж, олигархиуд аяндаа л үгүй болно. Өөрөөр хэлбэл иргэд маань төрөө бүрэн хянаж чаддаг байх нөхцөлийг ийнхүү хангаад өгнө гэсэн үг. Олигархиудын хамгийн дургүй юм нь хяналт байдаг. Дургүй тэр юмыг нь бий болгоход харин хэнбугай ч худалдаад авчихаж дөнгөхгүй хүчирхэг иргэд нэн чухал болоод байна. Үүнийг ухаалаг хувьсгал гэдэг юм шүү дээ. Энүүнийг хийж чадвал Линч юм уу, Гүрж, Украйных шиг балайрах хэрэг огт байхгүй болно.
Б.Отгонбаяр. Zindaa.mn  


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top