Дуучин С.Жавхлан ялах болтугай!

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

          Залуу гавьяат С.Жавхлан хоёр жилийн өмнөөс улс төржиж, энэ жил “Гал үндэстэн” хэмээх өөрийн улс төрийн байгууллагыг байгуулсан. Гэвч өөрийнхөө үүсгэн байгуулсан холбооноосоо өчигдөр хөөгдлөө. Учир нь тэр хамтран зүтгэгчдийнхээ итгэлийг алдсан гэнэ.

          Самандын Жавхлангийн “хоёр үзүүртэй” амжилтыг эргэн саная. 2003 онд оюутны ширээний араас дуучин Баясгалантай хоршин дуулж гарч ирсэн түүний урлагийн салбар дахь амжилт гэрлийн хурдаар цойлсныг бид мэднэ. Түүний гайхамшигтай амжилтын суурь нь эцэг эхээс заяасан төрмөл авьяас мөн. Гэхдээ Донжийн Төгөлдөр, хэвлэл мэдээллийнхнээр бүрдүүлсэн Пи Ар баггүйгээр тэр энэ өндөрлөгт гарч чадахгүй байлаа. Түүний талаар бүхэл бүтэн Пи Ар баг хөлстэй, хөлсгүй ажиллаж байсан нь үнэн. Жавхлангийн харагдаж байгаа дүр нь, хэлж байгаа үг нь ихэнх тохиололд өөрийнх байгаагүй. Тэр тодорхой сценариар амьдарч байв. Тоглолт, хэвлэлийн бага хурал, нэвтрүүлэг, нулимс, сэтгэл хөдлөл, нөхөрлөл гээд бүгдийг өөрөөсөө алдаж, зөвхөн урьдчилаад биччихсэн “Пи Ар” төлөвлөгөөний ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан юм. Тэр урлагийн тэнгэрт гялалзсан од болохын тулд ингэхээс өөр зам байгаагүй юм. Үнэндээ Жавхлан энэ алдар хүндийг авахын тулд өөрөөсөө ч татгалзахаас өөр аргагүй мухардмал байдалд ороод байв. Тэр Жавхланг биш, амжилтыг сонгосон. Тэр үед түүнээс авах нэг том чанар ажиглагдаж байв. С.Жавхлан бол бусад нийтийн дуучдыг бодвол төрөлхийн лидер чанартай хүн. Түүнд хүнийг өөртөө татах, түлхэх том чадварыг бурханаас заяажээ.

Гэтэл С.Жавхлан энэ хиймэл амьдралаас, “том” жүжгээс уйдаж эхлэв. Яагаад уйдсан гэж. Тэр урлагийн хүний хувьд зорьсон зорилгоо тултал нь биелүүлжээ. Ёстой л үүнээс цааш газар үгүй гэдэг шиг С.Жавхлан танигдаж, мөнгө хөрөнгө, танилын хүрээ, алдар хүндээр Монголын од Азид бялхаж эхэллээ. Түүнийг Өвөр Монголд танихгүй хүн бараг байхгүй гээд бод л доо. Хятад хүн хүртэл “Сартай шөнө дууг Монголын Жавхлан сайн дуулсан” гэж эх хэлээрээ магтан ярилцлага өгч байхыг “Одон” телевизээр харлаа. Гаднаас нь харахад гайхамшигтай амжилтыг энэ залуу “насан багадаа” үзүүлж чадсан юм.

Гэвч энэ бол Жавхлан гэдэг хувь хүний амжилт биш. Энэ бол том багийн амжилт байв. Харин С.Жавхлангийн өмч болсныг тэр ойлгожээ. Тиймээс тэр багаа задлах шаардлага тулгарч. Ингэх нь ч зөв байв. Нэгд, Жавхлан тэднээс салахгүйгээр цаашид өөрийнхөөрөө амьдрах  боломжгүй. Хоёрт, түүний тархи Пи Ар гэгчид дэндүү “дурласан”-ыг тэр ойлгож байлаа. Тэр үеэс С.Жавхлан хүлээснээс гарч өөрийнхөөрөө үлдэхийн төлөө тэмцэж эхэлсэн юм. Энэ бол 2007 он. Тэр өөрийгөө бараг л ялчихаад байсан тэр цагт харин түүний толгойг хэсэгхэн хүн, бас дээр нь “тэнгэр бөө” дахиад л өөр тийш нь залж орхив. Чонын амнаас гараад барын аманд орно гэдэг шиг тэр дахин шинэ Пи Ар төлөвлөгөөний золиос болох үндэс тавигджээ.

Дээд тэнгэрээс С.Жавхланд тодорхой онч дохиог өгсөн гэдэгтэй, газар шорооныхоо төлөө тэмцэх нь зүйтэй гэсэн ухаарлыг хайрласан гэдэгтэй маргах юмгүй. Эцэг тэнгэр, газар эхийг хайрлах ухаан монголчуудын унаган ухаан юм. Харин түүнийг улс төрийн хүүхэлдэй болгох санаархлыг хэдхэн хүн эхлүүлээд зөнд нь хаячихаж. Нэгэнт хар багаасаа Пи Ар төлөвлөгөөний “золиос” болсон Жавхлангийн залуу тархи яг тэр чигээр нь улс төрийн том төлөвлөгөө гэж ойлгоод өөртөө суулгачихаж. Тэр ямар ч хэлбэрээр хамаагүй ёс заншил, монгол ухаан, газар шороо яриад л байвал том улс төрч болно гэж тооцож. Улс төрчдийг хөгшин залуу, сайн муу, эр эм ялгалгүй муулаад л байвал оноо цуглуулна гэж ойлгож. Урлагийн салбарт эхлүүлсэн Пи Ар төлөвлөгөөнөөс өөрийгөө ангижруулж, Жинхэнэ С.Жавхланг олж авахын даваан дээр тэр “Улсын ерөнхийлөгч С.Жавхлан” гэдэг “ хиймэл төлөвлөгөө”-г түүнд ийнхүү үнэгүй санал болгох нь тэр. Ингээд л өөрийгөө хоёр дахь удаагаа гээж, улс төрийн тэмцэл гэгчид С.Жавхлан татагдан оржээ.

Түүний сонгосон улс төрчийн хиймэл “дүр төрх” өнгөрсөн он жилүүдэд бүтээсэн гайхамшигтай амжилтыг шаварт хутгаж, ард түмний хайртай дуучин Жавхланд “солиот”-ын дүр оноов. Одоо хүмүүс жаахан дэгсдүү ярьдаг хэн нэгнийгээ “Чи чинь Жавхлан шиг яачихаав” гэж адалж байна. Уг нь Жавхлангийн эх орон, газар шороо, ёс заншил ярьж, түүний төлөө тэмцэж байгаа нь ердөө ч буруу биш. Харин энэ бүхнийг улс төртэй хутгаж, хэтэрхий мунагаар махчилж яриад байгаа хэлбэр нь зөв биш.

Эцсийн эцэст С.Жавхлан улс төрд орсноор сайн гэгч нь гуядууллаа. Толгойны эргээ нь гарч, нүд нь тунгалагшихаар сайн ч гөвшүүллээ. Улс төрийн муухайг, улс төржсөний увайгүйг үзлээ. Бас өнөөдрийн нийгэмд улс төрийн аргаар тэмцэх нь оновчтой биш гэдгийг мэдэрлээ. Хамгийн гол нь С.Жавхлан бол улс төрч биш гэдгээ ухаарвал ухаарахаар цаг хугацаа өнгөрлөө. Улс төр чамайг тэгтлээ их татаад байгаагийн жинхэнэ шалтгааныг байг гэхэд шалтгийг чи өөрөө нэрлэж чадах уу.  Энэ бүхнээс үүдээд залуу дуучин С.Жавхландаа залуу хүний хувьд хэлэх цөөхөн үг байна.

Урлагийн од болох гэж толгой эргэж, хүний үгэнд автаж явсан он жилүүдээсээ хагацаж чадсан шигээ улс төрчийн хиймэл дүрээсээ ангижир. Одоо л зогсчих хэрэгтэй байна. Тэгээд ёс заншил, газар шороо, тусгаар тогтнолоо уран бүтээлдээ мөнхөл. Орчлонд олон сайхан зүйл бий. Түүний нэг нь С.Жавхлангийн цуцашгүй хоолой, сайхан Монгол аялгуу мөн. Чи түүгээрээ ард түмний хайрыг татаж, Монголын шүтээн болсон түүхт хүн. Ард түмэнд хайрлах, шүтэх эрх чөлөөг нь олго. Одоо наад “шалихгүй” улс төрөө зогсоогоод ээж аав, нутаг ус, тусгаар тогтнол, хайр сэтгэлийн дуунуудаа дуул л даа. Хотод байх, хөдөө байх чинь хамаагүй. Зүгээр л дуул. Яахав дээ, хүсээд байгаа бол “Чөтгөрүүд ээ” гэдэг дуу дахиад хий. Хамгийн чухал нь дуул. С.Жавхлан бол улс төрч болж чуулганы танхимд сууснаас илүүтэй дуугаа дуулсаар явбал ард түмэндээ илүү ихийг ойлгуулж чадах хүн гэдгийг хажууд чинь байгаа “зөвлөхүүд” чинь сэнхрүүлж хэлэхээс урьтаж ухаараач.

Чи тэр холбоотой холбоогүй Гал үндэстэн. Чиний цусаар өвөг дээд-эсийн чинь цус гүйж, чиний оюун ухаан Монголын төлөө чилээрхэж байгаа гэдэгтэй өчүүхэн ч маргахгүй.

Нийслэлийн төв талбай дээр ядарсан, зовсон, согтсон олон иргэнийг зольж улс төр хийгчид одоо чамайг холбоо гэгчээс чинь хөөж байгаа нь энэ. Чи ойлго, энэ бол улс төр. Тэр хүмүүсийн буруу биш. Тэд бол улс төрчид. Тэд бол улс төрчдийн төлөвлөгөөг хэрэгжүүлэгчид. Харин чи бол дуучин хүн.

Самандын Жавхлангийн Бөхийн өргөөнд хийсэн анхны тоглолтыг би санадаг юм. Тэнд бүгд чиний төлөө дуулж, чиний төлөө уйлж байлаа. Тэдний нэг нь сэтгүүлч миний бие байсныг чи өөрөө мэдэж байгаа. Одоо ч Монголын ард түмний сэтгэл урваагүй гэдэгт итгэ.

Би бол чиний галзуу улаан фэнүүдийн чинь нэг байна. “Пи Ар” гэдэг бол Ард түмэн болоод чи өөрөө хүссэн ч, эс хүссэн ч “Жавхлан бол улс төрч мөн” гэж хүний тархинд хэзээ ч арилахгүйгээр суулгаж өгдөг, хүний оюун санааг хайр найргүй довтолж сүйтгэдэг хүчтэй зэвсэг гэдгийг чи мэднэ. Пи Ар бол агуу том зэвсэг байдаг шигээ агуу том “новш” гэдгийг бас ойлго.

Хүн байхын дээд нь хүний төлөө амьдрахад оршино оо. Улс төрч Жавхлан биш, дуучин Жавхлан л ард түмнийхээ төлөө тэмцэж, бүтээж чадна. Дуучин Жавхлан ялах болтугай. Эрхэм нөхөрт амжилт хүсье.

Ө.Мэргэндүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top