Д.Зоригт сайдыг огцруулах шалтгаанууд

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар өчигдөр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг албан тушаалаас нь огцруулах асуудлыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн мэдүүллээ. АН-ын эдгээр гишүүд Д.Зоригт сайдыг огцруулах долоон ундэслэл бий гэж үзжээ. Түүнийг УИХ-аас баталсан 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлээгүй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн ордод Монголын тал хөрөнгө оруулалтаа нөхсөн даруйд төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50 хувьд хүргэх асуудлыг хөрөнгө оруулагч талтай хэлэлцэн шийдвэрлэх асуудлыг өнөөдөр хүртэл биелүүлж чадаагүй. Бүр эсрэгээрээ 30 жилийн дараа Монгол Улс Оюу толгойн 34 хувиа 50 хувьд хүргэхээр байгаа нь УИХ-ын 57дугаар тогтоолыг биелүүлээгүйг харуулж баина гэж тайлбарлаж байна, МөнТаван толгойн орд нь стратегийн орд газар. Иймд энэ ордын Ухаа худгийн хэсгийг "Энержи ресурс" ХХК-д олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5 дахь заалтын Засгийн газар "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай саналыг УИХ-д өргөн мэдүүлэх" гэснийг баримталж УИХ-аар холбогдох шийдвэрийг гаргуулах учиртай. Гэтэл Засгийн газрын шийдвэрээр гэрээ байгуулж шилжүүлсэн. Түүнчлэн тавдугаар цахилгаан станц байгуулах шийдвэрийг 2008 онд УИХ-аас гаргасан ч өнөөдөр энэ ажил биеллээ олоогүй. Зөвхөн цаасан дээр л ажил явна. Үүнээс болж Улаанбаатар хотын агаарын бохирдол дээд хэмжээнээс давсан. Налайхын уурхайд өнөөдрийн байдлаар 43 иргэн амиа алдсан. Энэ онд л гэхэд 7 уурхайчин амь насаа алдсан ч салбарын яамны зүгээс ямар ч албан тушаалтанд хариуцлага тооцоогүй нь сайд Д.Зоригтыг огцруулах шалтгаанууд болжээ. Хуульд зааснаар энэ асуудлыг УИХ 14 хоногийн дотор багтаан, шийдвэрлэх ёстой аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top