Аливаа галерейн эд хогшил нь сэтгэлийг ариусгагч урлагийн нандин бүтээлүүд байдаг билээ. Нийслэл хотноо "Design and Art " хэмээх галерей ШУТИС-ийн Үйлдвэр Технологи Дизайны сургуулийн багш нарын "Тэнхлэг-2011 "уран бүтээлийн үзэсгэлэнгээр нээлтээ хийлээ.
Тус галерейг байгуулсан зорилго нь шинээр төрөн гарч буй залуу бүтээлчдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах, урлаг соёлын өдөрлөг, үзэсгэлэн худалдааг зохион байгуулахын зэрэгцээ, энэ чиглэлээр ажиллаж, суралцаж байгаа нийт оюутан залууст зориулсан сургалт семинарыг зохион байгуулах зэрэг олон талын үйл ажиллагааг явуулах ажээ. ҮТД-ны сургуулийн багш нар жил болгон уран бүтээлийн үзэсгэлэн гаргадаг уламжлалтай бөгөөд 2008 онд Өвөрмонголын нийслэл Хөх хотын Урлагийн Их сургууль, 2010 онд Солонгосын Ёнсогайн Их сургуулийн 125 жилийн ой болон мэргэжлийн сургалтын 20 жилийн ойд зориулж 13 багшийн 50 гаруй бүтээлээ олны мэлмийд толилуулжээ. Мөн оюутнуудын бүтээлээр "Урлагийн ертөнц-2011" үзэсгэлэн гаргаж, гала наадам хийсэн нь уран бүтээлч оюутан залуусын урмыг сэргээж онгодыг бадраасан сайн үйлсийн эхлэл болсон байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )