“Гахайн ферм”-ийнхэн О.Магнайг яллаж чадна, харин ард түмнийг чадахгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

2008 оны 7 сарын 1-ний хэрэг явдал одоо болтол бүрэн шийдэгдээгүй байна. Эрх баригчид, ялангуяа, УИХ энэхүү цус  урсгасан тэмцлийн талаар улс төрийн дүгнэлтээ гаргасангүй. Үүнийг иргэдийн маань дийлэнх хэсэг “Монголын төр энэ хэргийн үнэн мөнийг олж тогтоохыг хүсэхгүй байна” гэж үзэх болжээ. Тухайн өдөр болсон үймээн самуун бол зөвхөн дан ганц сонгуулийн луйвраас үүсэлтэй зүйл биш гэх хүн ч бий.  Гэхдээ үймээн гарах цаг үе, шалтаг, шалтгаан нь сонгуулийн луйвар болоод өнгөрөх яг тэр мөчтэй холбогдсон байж болох юм. Энэ өнцгөөс харах юм бол их урт нүсэр юм ярих хэрэгтэй болох байх аа. Юун түрүүнд аливаа сонгууль нь ардчиллын мөн чанарын илэрхийлэл гэдгийг бид санах хэрэгтэй.  1990-ээд оноос хойшхи бүх сонгууль хуудуутай болж ирсэн гэдэгтэй одоо маргах хүн нэг ч байхгүй. Эрх баригч гэгдээд байгаа “гахайн ферм”-ийнхэн хүртэл нэг муу ойлгохтойгоо болж байна. Хүний эрх ямархуу хэмжээнд зөрчигдөх болсныг захын эмээ өвөө нар бас хэлээд өгнө. Захиалгат аллага бараг моод болчихсон. Гэмт хэрэг зохиогчид төрийн ордон дотор ч заларч л байгаа. Монголын газрын доорх баялаг руу дэлхий тэр чигтээ нүд хужирлан, баячууд нь шүлсээ залгисаар дайрч эхлэхэд манай хэдэн ноёд хормойгоо дэвсэн угтсан нь бодит үнэн. Алтаа ухлаа. Бид баяжсангүй. Улам ядуурч байна. Харин эрх баригчдын зиндааныхан хэмжээлшгүйгээр баяжлаа. Зарим судалгаанаас харахад тэдний цөөн хэсэг нь дэлхийн тэрбумтнуудтай өрсөлдөх хэмжээний хөрөнгө хуримтлуулжээ. Харамсалтай нь тэд жирийн иргэд шигээ хөлсөө шавхан байж баяжсангүй. Төрийн хөрөнгөөр туйлж тийм хэмжээнд хүрсэн нь хэнд ч ойлгомжтой болов. Үүнийг олигархижсан төр засаг гэж нэрлэдэг ажээ. Саяхан Ерөнхий сайд асан С.Баяр телевизээр ярилцлага өгөв. Тэр 7 сарын 1-ний хэрэг явдлыг өөрөөсөө зайлуулах гэж оролдохдоо иргэний хөдөлгөөний О.Магнай, Ж.Батзандан нар 2005 онд жагсаал хийж, намынх нь байр руу дайрч орон намыг нь шатаасан мэтээр мэлзэв. Учрыг сайн мэдэх хүмүүс харин үүнд нь эгдүүцэж  байна. Тухайн үед жагсагчид намын удирдлагатай уулзахыг хүссэн гэдэг. Тэгээд уулзахгүй болохоор байр руу нь дайрч оржээ. Цагдаа нар  МАН-ыг хамгаалан жагсагчдыг бороохойдоход иргэд улам цөс нь хөөрч баахан зодолдож, ноцолдож  байгаад гараад явцгаасан байна. Харин үүний дараахан У.Хүрэлсүх “Манай намын тугийг шатаасан” гээд баахан зарга үүсгэжээ. Сүхбаатарын талбайд Хятадын 1960-аад оны улаан хамгаалагчид шиг толгойдоо тууз зангидсан У.Хүрэлсүх галзуу хүн шиг хашгиран сүрийг үзүүлж О.Магнай нарыг эсэргүүцсэн үг хэлж байв. Түүний Сүхбаатар дүүргийн шүүхэд өгсөн гомдлын дагуу шүүх хурал ч болж гэнэ. Шүүх хурал дээр У.Хүрэлсүх намын тугаа шатаалгасан тухайгаа харин мянга нотлох гээд чадаагүй гэнэ лээ. Өөрөөр хэлбэл, тэр О.Магнай нарыг шүүхээр далайлгах гэж хуурамч материал бүрдүүлсэн хэрэг болж таарсан байв.  Дарга нар өөрсдийг нь шүүмжилсэн хүмүүсийг хашраахын тулд гэмт хэрэг зохиодог ганц жишээ энэ болов уу. Энэ бүгдээс юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл 7 сарын 1-ний хэрэг бол улс төр, нийгмийн ялзрал, дарангуйллын эсрэг чиглэсэн иргэдийн бухимдлын томоохон тэсрэлт байжээ. Монгол дахь ардчилал зохих хэмжээний дархлаажилттай болж байгааг харуулсан байна. “Улс төрийн тойм” сонинд О.Магнай ярилцлага өгөхдөө үүнийг онцолжээ. Түүнийг прокурорын дэргэдэх мөрдөн байцаах хэлтсийнхэн дуудаж дахин мэдүүлэг авах, 7 сарын 1-тэй холбогдуулан хэргийг сэргээн шалгах болж буй тухай яригдаж байгаа. Үүнийг сонссон эрх баригчдын талд үйлчилдэг хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд “Өнөөх О.Магнай, Ж.Батзандан хоёр чинь гэмт хэрэгтэн байсан юм байна” гэх маягийн юм бичиж нийтлэн захиалагч нараасаа өндөр шан харамж авч байгаа бололтой.  Шалгах нь прокурор, шүүхийн үүрэг. Шалгах ч ёстой. Төр, иргэн хоёрын дунд үүссэн тэмцлийг хувьсгал, эсвэл бослого гэж янз бүрээр нэрлэж болно. Хувьсгал талаас нь харвал Монголд яах аргагүй хувьсгал хийх цаг нь болжээ гэдгийг хөдөөгийн жирийн малчид хүртэл ярьж л байна. О.Магнайгийн ярьснаар бол өнөөдөр манай хүн амын дөнгөж тавхан хувь нь тасархай тансаг амьдрал дунд умбаж байгаа аж. Тэд өвөл нь Хавайд очиж наранд биеэ шаран зугаацдаг, Лондонд өндөр зэрэглэлийн харштай гэнэ. Тэдэн дээр нэмэгдэх 10-15 хувь нь харин Монголдоо амьдарч байгаа юм байна. Үлдсэн 70 орчим хувь нь ядуучууд. Эрх баригчид стратегийн хэдэн орд газруудаа харийнхантай хуваахын төлөө ирэх сонгуулиар дахин гарч ирэх гэж үхэн хатан зүтгэж байна. Яг л Чили улсын 1970-аад оны эхэн үеийг санагдуулна.Тэнд юу болсон гэж бодно. Чилийн хунтыг цэргийн сонин нь магтан дуулсаар байгаад төрийн өндөрлөгт гаргаж орхисон.Алендигаар толгойлуулсан тэмцэгчид түүний эсрэг босч дарангуйллын засаглалыг унагаад  дараа нь хамаг баялгаа хуваацгааж, сүйдлэхээ шахсан шүү дээ. Иргэний хөдөлгөөнийг одоо бид иймэрхүү юм хийх болов уу гэж хардахаас илүүтэйгээр харин энэ хэдэн намуудын толгойд суугаа нөхөд рүү хараагаа илүү хандуулах нь зөв байх аа. Мөн төр иргэн хоёрын тэмцэл дундаас улс төрийн хожоо хайгч хувалзууд олон гарч ирдгийг бас санах хэрэгтэй.  Тэд Чилийнхээс ч долоон дор юм хийж магадгүй. О.Магнайг үхтэлээ өмөөрч ийм юм ярилаа гэж бүү бодоорой, уншигчид минь. Ерөөсөө хэн нэгийг сайн муу хэлээд ирэхээр нөгөө муусайн олгархиуд,  эсвэл эх орноо гэх халуун сэтгэлтнүүд рүү зааж тэр хүний гарын үзүүрийн амьтан ингэж бичиж байна гэх мэтээр тэнэгтдэг мулгуучууд олон бий тул зориуд ийнхүү өчиж байгаа хэрэг шүү дээ.  О.Магнайг 7 сарын 1-ний хэрэгт яллаж болно. Энэ бол эрх баригчдын хийж чадах ажил. Хилсээр ял тулгаж тэд чадна. Гэхдээ түмнээ яллаж чадахгүй л байхгүй юу. Аль ч улс орны ард түмэн зээрийн сүрэг шиг амьдардаг юм. Зээрийн сүрэг дотор шөнийн манаачаар ээлжлэн нүд анилгүй хонодог нь ооно гэдэг эр зээр байдаг шүү дээ. Харанхуйн дунд тэр амьтан сүргээ араатнаас сэрэмжлэн сахидаг онцлогтой.  Ард түмний дунд ч олигархиудаас хамгаалах “ооно” байдаг. Тэр нь хэн байх өнөөдөр тийм сонин биш. Гагцхүү хамгаалж босч чаддагт гол нь байгаа юм.

Б.Отгонбаяр.Zindaa.mn     

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top