Засгийн газрыг огцруулж сайд, дарга болохыг хүсэгчид

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

Энэ удаа Сү.Батболдын Засгийн газрыг унагаах нь өнөө маргаашийн хэрэг болоод байх шиг. Уг асуудал ийн тод яригдах болсон нь дараагийн Засгийн газарт орж сайд болох буюу дараагийн ээлжийнхэн хоолондоо яарч байгаагаар тайлбарлагдаж  байгаа  юм. Дараагийн МАН-ын дангаараа байгуулах Засгийн газарт орон сайд болохыг хүсэгчдийг О.Чулуунбат тэргүүлж байх шиг. Тэр уг нь 2008 онд С.Баярыг стандарт бус Засгийн газар байгуулах үед Сангийн сайдын суудалд суух чин хүсэлтэй байсан гэлцдэг. Гэвч С.Баяр АН-ынхныг лав урхидахын тулд түүний хүслийг хойш тавин Сангийн сайдын суудлыг найр тавьсан гэдэг. Түүнээс хойш О.Чулуунбатыг албан бус сангийн сайд гэх болсон ба нээрээ ч эдийн засаг хямарч байх үед мань эр С.Баярцогтоос ч илүү эдийн засаг санхүүгийн асуудлаар ярьж байсан билээ. Харин энэ он гарснаас хойш О.Чулуунбат ямар нэг юмнаас айж бэргэлгүйгээр Ерөнхий сайд, намынхаа даргыг өдөх болоод байгаа. Түүний хувьд Засгийн газар огцрох магадлалтай тул дараагийн Сангийн сайд болох амбицаа л ийн илэрхийлж байгаа бололтой. Түүнээс гадна Засгийг унавал сайд болчих хүсэл Э.Мөнх-Очир гэдэг залууд ч байгаа бололтой. Эдний хувьд АН-д баяртай гэх цаг болсон гэлцэж байна. Мөн С.Батболдыг засгаа авч үлдээд намын даргын суудлаа өг хэмээн шахах нөхөд ч цөөнгүй гарч ирэх бололтой. Иймэрхүү үг яриа саяхнаас ил тод болоод байна. Энэ бол байдал эвгүй байгааг яах аргагүй дохиолж байгаа хэрэг. Өмнө нь М.Энхболдыг огцруулахын тулд яг иймэрхүү байдал үүсгэж байсан нь саяхны түүх билээ.Тэгвэл АН-ын зарим нөхдийн хувьд энэ удаа засгийг огцруулж өөрийн намаа татаж гаргачихаад

Н.Алтанхуягийгаа даргынхаа суудлаас татан унагааж оронд нь очихыг

мөрөөдөж байна. Тэр хүсэл нь ирэх 2012 оны сонгуульд тус намынхан ялж магадгүй гэдэгтэй уялдана. Намын даргаар сонгогдож чадвал бүлэглэлээ хүчирхэгжүүлж авч магадгүй Засагтаа өөрийн талынхныг шургуулах бодолтой нь бас очиж уягдаж байгаа хэрэг юм. Эдний тэргүүнд мэдээж З.Энхболд болон түүний нөхөд болох Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар зогсох нь мэдээж хэрэг билээ. Асуудал ийн улам бүр хурцдан Засгийн газрыг огцруулж өөртөө ашиг олохыг хүсэгчид өдөр ирэх бүр олширсоор байна. АН-ынхан одоо л голын цаад эрэг дээр буухгүй бол оройтно хэмээн айсаар байгааг эндээс тодорхой олж харахад ядах юм алга.

Эх сурвалж:  Монголчуудын амьдрал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top