Их хуралдайн төлөөлөгчид Монголын төр дэх 15 олигархийн жагсаалтыг гаргасан нь зарим нэгнийг баярлуулж, зарим нэгнийг гомдоосон бололтой. Хамгийн ихээр баярласан нь УИХ-ын гишүүн Батж. Батбаяр гэнэ. Тэрбээр байнгын хорооны хуралдаан дээр "Олигархийн жагсаалтаас гарсандаа баяртай байна" гэх ухааны юм ярьжээ. Ганц мань эр ч биш, өөр олон хүн ийн баярлаж байгаа бололтой. Гэхдээ нөгөө талаар олигархи гэж хэн бэ, хэн тэднийг нэрлэв гэхээр асуудалтай. Юуны өмнө Их хуралдайнхан нэрлэсэн 15 олигархийн нэгдүгээрт С.Баярыг оруулжээ. Үүнд мэдээж С.Баяр баярлахгүй байгаа нь тодорхой бөгөөд магадгүй гуньж гундаж яваа байж мэдэх юм. Тэгээд ч М.Энхсайхан нарын тараасан нэгэн номонд олигархи гэж хэн бэ гэхдээ "заавал баян хүн байх албагүй. Харин төрийн мөнгөөр амьдралаа болгож, өвдөхөөрөө гадаад явчихдаг" тиймэрхүү хүнийг хэлнэ гэсэн нь С.Баяртай таараад ч байх шиг. Магадгүй С.Баярыг яагаад нэгд оруулав гэж асуувал М.Энхсайханы тодорхойлолтыг л хэлэх байх. Бас нөгөө талаар олигархи гэж хэлүүлсээр байгаад дөжирчихсөн нөхдөд бол хамаагүй, хэлүүлж, бичүүлж л байдаг шүү дээ. Хамгийн гол нь хэн энэ жагсаалтыг хэнд зориулж гаргав гэдэгт л асуудлын учир байгаа юм. Хуралдайнхны яриад байгаагаар бол Монголын төр атгаалжин хар мангас, тэр мангасны 15 толгой нь С.Баяр тэргүүтэй нөхдүүд ажээ. Гэхдээ М.Энхсайхан уг жагсаалтад Э.Бат-Үүлийг оруулсныг хараад цочсоноо бас хэлсэн нь сонирхолтой. Харин Э.Бат-Үүлийн хувьд өөрөө хувьсгал ярьдаг мөртлөө "Үндэсний удирдагч"-ийн санаачилсан хувьсгалыг эсэргүүцэн байнга юм бичсэнээрээ ийн буруудсан хэрэг байх.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал
Сэтгэгдэл ( 0 )