Сайн сайхан гэр бүл байхын тулд чамгүй Хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн гэр бүлийн мөрдөх дүрмийг Болгарын сэтгэл судлаач, сексологичдын хамтарсан баг удаан хугацааны томоохон судалгааны үндсэн дээр боловсруулжээ. Үунийг та хоёр зэрэгцэн суугаад уншаарай.
Гэр бүлийг тань юу ч орлохгүй
Энэ дүрмийг эрчүүд сайн ойлгох хэрэгтэй. Мэргэжил, албан тушаал, нийгмийн байр суурь тань гэр бүл, үр хүүхдийг чинь орлоно гэж байдаггүй. Ямар ч хэцүү байсан энэ хоёрыг аль алиныг нь хослуулан амьдарч сурах хэрэгтэй. Албан тушаал дэвшиж, нийгэмд өөрийн гэсэн байр суурьтай байхын тулд бас таныг хайрладаг гэр бүлтэй байх хэрэгтэй шүү дээ. Нөхрөө ингэж өндөрт байлгахын тулд эхнэр нь гадаад төрх хийгээд ил харагдах, үл харагдах бүх л байдлаар өөрийн бүсгүй хүн гэсэн төрх байдлаа дээд зэргээр хайрлах хэрэгтэй.
Сайн гэр бүл тэнгэрээс унаад ирдэггүй
Сайн гэр бүл тэнгэрээс унаад ирдэггүй, зүгээр өөрөө бий болчихдоггүй гэдгийг эхнэр, нөхрийн хэн хэн нь сайтар анхаарах хэрэгтэй. Энэ нь хүний бүх л уран бүтээлийн адил асар их хүч чадал, сэтгэл, хөдөлмөр, ухаан, ур чадвар шаарддаг. Ялангуяа, бүсгүй хүнээс бүр ч илүү. Санал зөрөлдөх, маргаан гарахад бурууг нь эхлээд өөрөөсөө эрж хайгаарай. Гэр бүлийн хоёр маргалдахад нэг нь буулт хийж сурах хэрэгтэй байдаг. Тэгээд ч өөрийнхөө буруугүйг нотлох гээд оролдоод эхлэх юм бол хэн ч буруутай болохыг хүсдэггүй. Тиймээс энэ бүх байдлын бурууг эхлээд өөрөөсөө эрж хайгаарай. Мэдээж бусдын буруу нүдний өмнө байдаг байхад хүн өөрийн бурууг ил гаргахыг боддоггүй шүү дээ. Үүнд мөн л бүсгүй хүний ухаан илүү чухал. Нөхрийнхөө хийсэн ажил, хэлсэн үгэнд яаж ч уурлаж, гомдож байсан өөрийнхөө гомдол бухимдлыг бүгдийг асгах гээд хэрэггүй. Эхлээд өөрөө тайвшрахыг оролдох нь чухал байдаг. Харин дараа нь зохих арга хэмжээг авч болох юм.
Ханийнхаа зан төрхөөс сайн үйлийг нь олж харахыг хичээ
Ямар ч эр хүн магтуулах дуртай шүү дээ. Нөхрийнхөө сайн талыг олж харах, бололцооны хэрээр түүнийг нь ил гарган хэлж байх хэрэгтэй. Өөрийнхөө сайн талын тухай сонссон, олж мэдсэн хүн түүнийгээ аль болох хөгжүүлж, тордож, илүү сайжруулахыг хичээдэг. Түүнтэй хамт байхад ямар сайхан байдгийг бололцооныхоо хэрээр хэлж байгаарай. Эр хүний өөртөө хайртай сэтгэлийг нь магтсанаар та эр хүнийг өөртөө улам ойртуулах болно. Тэгээд ч ийм магтаал сонссон эр хүн илүү эрч хүч, сэтгэлтэй болдог. Бүр дотно янагийн харилцаанд ч энэ нь бүсгүй хүнээс ихээхэн хамаарч байдаг. Хэдийгээр та сэтгэлдээ хэн нэгэн төгс эрийг мөрөөддөг байсан ч гэсэн өөрийн амьдралд учирсан ханиа "орондоо" ч, "амьдралд" ч төгс байлгах эсэх нь танаас л хамаарна.
Бүх юманд битгий сэтгэл дундуур загна
Энэ бол эзэгтэйд ихээхэн хамаатай. Бүх юманд сэтгэл дундуур, хямсгануур эмэгтэйд эрчүүд дургүй байдаг. Зарим эмэгтэйчүүд ихэмсэг загнах гээд ямар ч шалтгаангүй үед ч бүх юманд л сэтгэл дундуур загнаж үглэж дуулж байдаг. Энэ бол гэр бүлээ сөнөөх нэг шалтгаан юм. Зөвхөн бүсгүйчүүд л гэр орны болон гоо сайхны бусад асуудлаар дүүрэн байдаггүй. Эрчүүдэд ч гэсэн гэр бүлийн, эр хүний, ажил хэргийн гээд түм буман асуудал байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймээс та өөрийг чинь эргүүлж байсан олон эрчүүдээс бүх зүйлээрээ таарч тохирно гээд түүнийг амьдралын ханиа болгон сонгосон өдрөө эргэн санаарай.
Гэр бүл үймүүлэх хөндлөнгийн шалтгаанаас хамгаал
Мэдээж та бүсгүй хүн юм чинь өөр бусад эрчүүдэд таалагдаж л байгаа. Хэрвээ танд өөр эртэй сээтэгнэх тохиолдол байдаг бол энэ хөнгөн сээтэгнэлээ гэр бүлийг чинь үймүүлэх хэмжээнд яагаад ч хүргэж болохгүй. Шинэ хуучин түлхүүрийн үлгэр байдаг даа. Замын дундаас гарч ирсэн хүн ханиас чинь илүү байна гэдэг нь юу л бол. Тиймээс харьцангуй бага цагийг өнгөрөөдөг түүнийг та нөхрөөсөө илүү сайн сайхан гэж бодохоо түр азнаарай. Хэрвээ та түүнтэй хамт харьцангуй удаан байдагсан бол нөхрийн чинь нэгэнт танил болсон муу талуудаас хавьгүй олон муу зүйл байгаа.
Хүүхдүүдээ зөв сурга
Хүүхдүүдээ аавыгаа хүндэлж, хайрладаг болгон сурга. Хүүхдүүдийнхээ хайрыг өөртөө татахын тулд нөхөртэйгөө тэмцэлдэх хэрэггүй. Өгөөмөр сэтгэлтэй байх хэрэгтэй. Хадмуудынхаа муу талыг тэвчиж, хүндэлж, сайнаар хандаж сурахыг оролд. Хадмууддаа, хүүхдүүддээ дайсан мэт ойлгуулах нь бүр буруу. Энэ үг нөхөрт чинь ч хамаатай. Хэдийгээр ил гаргахгүй байгаа ч эцэг эхэд нь сайнаар хандаж байгааг хань чинь ойлгон ухаарч, таны сайхан сэтгэл, тэсвэр тэвчээрийг ойлгож байгаа гэдэгт итгээрэй.
Хардлагаа битгий хэтрүүл
Харгүй бүсгүй, тэр тусмаа харгүй эхнэр гэжбайдаггүй гэдэг. Байх ч ёстой гэж үздэг. Харин ямар хэмжээнд илэрч байна гэдэг л хамгийн чухал. Хардсанаасаа болоод гэр бүлээ бутраахад хүргэдэг тохиолдол ч бий. Гэвч нөхрөө харддаггүй хүн болох гээд огт хамаагүй мэт загнах нь мөн л ижил үр дагаварт хүргэдэг гэдгийг битгий мартаарай.
Чухал асуудлыг ганцаараа битгий шийдвэрлэ
Гэр бүлтэй холбоотой томоохон чухал асуудлыг ганцаараа толгой мэдэн шийдвэрлэх гэсний хэрэггүй. Харилцан ярилцаж, тохиролцох хэрэгтэй. Хэдийгээр эцсийн эцэст таныхаар шийдвэрлэлээ ч гэсэн нөхөр тань өөрийгөө энэ асуудалд оролцсон, хэлэлцсэн, хүлээн зөвшөөрсөн, та түүний санал бодлыг хүндэтгэн үзэж байна гэдгийг л ойлгох нь чухал. Өөрийгөө хүндэтгэдэг ямар ч нөхөр, эхнэр нь гэр бүлийн чухал асуудлыг өөрөөс нь хамааралгүйгээр шийдвэрлэхэд дургүй байдаг. Хэдийгээр нийгэмд эр хүн илүү нэр хүндтэй, илүү үүрэг гүйцэтгэдэг боловч яг гэр бүл дотор эрчүүд эмэгтэйчүүдээс хавьгүй их хүндрэлтэй тулгардаг байна. "Аман хуур" киног та санаж байгаа биз дээ!
Бүх юм хэмжээтэй
Дээр өгүүлсэн бүхнийг эмэгтэйчүүд маань эмзэг хүлээн авч магадгүй л юм. Гэхдээ эдгээрийг хүлээн зөвшөөрлөө, магадгүй мөрдөн дагалаа гээд эмэгтэйчүүд боол болдоггүй шүү дээ. Ямар ч зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Та өөрөө анхаар, бас нөхрөөсөө ч үүнийг ижил хэмжээнд шаард. Эцсийн эцэст юу ч хийсэн тэр чинь ханиа, гэр бүлээ гэсэн их хайранд л үндэслэсэн байх ёстой.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал
Сэтгэгдэл ( 0 )