Хэн нь худлаа яриад байна аа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 08

Өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын нэгнь зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай байв. Энэ үеэр Ж.Энхбаяр гишүүн Хар азаргын нурууг тусгай хамгаалалтад авах асуудлыг хөөцөлдөж нэлээд хугацаа өнгөрөхөд яамны мэргэжилтэн нь “Сайдын гарын үсэг дутуу” гэсэн ганц л хариулт өгдөг гэж бухимдав. Сайдаа “ховлосон” мэргэжилтэн ч хуралдаанд оролцсон юм. Тэгээд “хэргийн эзэн” Л.Гансүх сайдаас яагаад асуудалд хойрго хандаад байгааг нь асуув. Харин Л.Гансүх сайд “Худлаа яриад байгаарай. Надаас хамааралтай юм байхгүй. Миний гарын үсэг тийм чухал ч юм биш. Тийм сэтгэл зүрх ч байхгүй” хэмээн “Зүгээр байхад зүгээр л байгаарай” маягийн хариулт өгөв. Ингээд зогсохгүй сайд “Намхай дарга намайг гөрдсөн юм шиг байна” гэж хатуухан үг чулуудаад яг юу болсныг хэлэхийг мэргэжилтнээсээ шаардсан. Өнөөх мэргэжилтний хариулт гэвэл “Хар азаргын нуруу Говь-Алтай аймгийн гурван сумыг дамжин оршдог. Ганц Халиун сумаас санал ирүүлсэн. Тиймээс асуудлыг хэлэлцэж болохгүй байсан юм. Ямар бичиг баримт бүрдүүлэхийг бичгээр өгөөч гэж өнгөрсөн долоо хоногт таныг хэлэхэд би асуудлыг төлөвлөөд сайдад оруулж байгаа гэсэн. Долоохон хоногийн дотор энэ том асуудлыг шийднэ гэж байхгүй”. Хариуд нь Ж.Энхбаяр гишүүн “Сайд, мэргэжилтэн хоёр зэрэгцэж сууж байгаад л худлаа хэлэх юм. ингэж болохгүй. Ингэвэл харин сайд нарын асуудлыг өөрөөр тавина шүү” гэж хатуурхана билээ. Ингэхэд хэн нь худлаа яриад байна аа.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top