Ц.Элбэгдорж агаарын бохирдлын эсрэг тэмцэж, араас нь бизнесийнхэн намирав

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

Их тэнгэр цогцолбор бизнесийнхний хөлд дарагдав.  Тэдэнтэй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзан агаарын бохирдлыг бууруулахад идэвхтэй оролцохыг уриаллаа. Агаарын бохирдлыг бууруулах тухай хууль гарснаас хойш хийж буй томоохон ажлуудынх нь нэг энэ ажээ.  Уг хуулийн дагуу Үндэсний хороо байгуулагдаж даргаар нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Д.Баттулга ажиллах болсон байна. Дэд даргаар нь хотын захирагч Г.Мөнхбаяр томилогдсон гэнэ. Тэд ирэх өвөл агаарын бохирдлыг 50 орчим хувиар бууруулах зорилт тавьжээ. Сонсоход таатай ч биелэх эсэхэд эргэлзэж буй хүн цөөнгүй. Гэхдээ тэдний тооцоо, хийгээд хэлчихсэн ажлаас харвал бас ч гэж найдаж болохоор ажээ. Уулзалтын үеэр бизнесийнхэн дэмжлэг үзүүлэхээр амласан нь бүр ч үнэмшилтэй болгов. “Өгөөж чихэр боов” компани гэхэд өөрийн 270 гаруй ажилчныхаа гэр, орон сууцны нөхцлийг агаарын бохирдлын эсрэг хандуулан сайжруулахаа амалсан байна. Мөн МСS групп 200 мянган айлын түлшийг шийдэж өгөхөөр болов. Стандартад нийцсэн 60 мянган зуухыг дотооддоо үйлдвэрлэхэд хэд хэдэн компани оролцохоо амлажээ. Ийнхүү Ц.Элбэгдоржийн санаачилж буй нүсэр ажил руу бизнесийнхэн намирч байна.  

Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top