УИХ-ын хамгийн залуу гишүүдийн нэг болох Ж.Энхбаяр "хүүхэд ийм дээрээ хөөрхөн" гэгчээр сүүлийн үед нэг л их ард түмэндээ хайртай хүний дүр эсгэх болов. Тэрээр сонгууль дөхсөн энэ үед дахин сонгогдохын төлөө олонд таалагдах үүднээс уухай хадаах боллоо.Түүнийхээр улсын төсвийн 90-ээд хувийг бүрдүүлдэг архи, тамхи, спирт, уул уурхайн цөөн тооны монополь үйлдвэрүүд, аж ахуйн нэгжүүдийг задлах хэрэгтэй аж. Гэхдээ хөрөнгө хураах аргаар бус, олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох аргаар хийх хэрэгтэй гэнэ. Мөн хүн амын олонхыг бүрдүүлж буй залуус нийгмийн баялгаас хүртэж чадахгүй байгаа нь үүнтэй холбоотой гэжээ. Хэрэв нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт аж ахуйн нэгжүүд орчихвол иргэд орлого, зарлагаа зохицуулаад хувьцаа худалдаж авна. Ингэж байж нийгэм, олон нийт сэтгэл хангалуун амьдрах юм гэнэ. Цөөнхөд нийгмийн баялаг хуваарилагдахаар ямар ч ашиггүй болж компаниа задалж өөрийн оруулсан хөрөнгөө татаж аваад нийтийн өмч болгохоор хөгжих магадлал ч өндөр юм байх. Энэ мэтээр ярих болсон түүнийг ангид нь сууж байгаа олигархи нөхдөөс нь эхлээд бизнесийн түншүүд нь хачирхах болсон байна. Мөн өөрийнхөө хөрөнгийг задлаад монополь биш болж бидэнд үлгэр дууриал болох юм байлгүй хэмээн доогтойхон мушилзан шоолцгоох болжээ. Нээрээ ч мань эр ийм залуу насандаа нэлээд их хөрөнгө зоорь цуглуулж амжсан нэгэн. Олонд Варьете төв гэгддэг асан байрыг худалдаж аваад "Газар" бизнес төв болгож амжсан түүнд алтны гурван компаниас эхлээд “Дархан нэхий”, “Чингис” ресторан, “Шилтгээн” орон сууцны цогцолбор, “Газар сүлжмэл” компани, “Газар партнерс” ББСБ гэхчилэн хэдэн арван сая ам.доллар буюу олон тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хөрөнгө бий. Тэгвэл тэр энэ бүхнийгээ задлан бусдыгаа уриалах бололтой. Ирэх сонгууль холимог тогтолцоогоор явагдвал мань эр намаасаа мажоритараар сонгогдохоор нэр дэвших эрх авах 26 юмуу, 38 нэр дэвшигчийн нэг болох хүсэлтэй байгаа. Үүнийгээ ч байнга илэрхийлэх болсон гэдэг юм. Ингэхийн тулд олонд таалагдах юм ярихаас гадна намаасаа нэг тойрогт хамт нэр дэвшин сонгогдсон нөхрөө унагаахын төлөө ажиллах явдал гэдгийг хамгийн сайн ойлгосон бололтой юм. Гэхдээ их л болгоомжгүй зүйл ярин "ногооноороо" байгаагаа харуулах болсны илрэл нь энэ хэмээн шоологсод цөөнгүй байна. Ер нь ч түүнийг болгоомжгүй юм ярьдгаараа зартай гэдгийг намын нөхөд нь хэлцдэг. МАН-ын залуус хэрэг төвөгт орооцолдох нь ихсээд байх тэр үед "идэж ууж амжаагүй" байгаагаа хэлээд нэг том онигоонд орж билээ. Энэ удаа өөрийн хөрөнгөө ард түмэн сонгогч олонтойгоо хуваалцах "зоригтой" санаачилга гаргаад байна. Гэхдээ түүнийгээ биелүүлчихвэл бусад монополь нөхдөдөө хавчигдах, биелүүлэхгуй бол худалч гэгдэн сонгогчдын дэмжлэг хүлээж чадахгүй байдалд өөрийгөө аваачаад хийчих нь энэ. Ийнхүү УИХ-ын танхимд дахин суух хүслээсээ болж нөгөө "ам алдвал барьж болдоггүй"-н үлгэрээр Ж.Энхбаяр гэгч залуу гүйв ээ хөөрхий.
Эх сурвалж: Монголчуудын амьдрал
Сэтгэгдэл ( 0 )