Сэрчмаа ба алтан эхийн дэггүйтэл

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 08

Сүүлийн хоёр жилийн турш хэвлэлийн баатар болоод байгаа түүнийг Сели, Сэрчмаа, "Нялх од", "Хэнз дива" гэж нэрийдэх нь элбэг. Харин түүний Сэрчмаа гэх нэр нь Алтан эх гэсэн утгатай төвд нэр аж. Ээжийнх нь багш том лам дуучин бүсгүйд энэ төвд нэрийг хайрласан гэдэг. Хил дамнасан найр үүсгэж дуулиан тарьсан тэрээр төрхөмдөө буцах нь хэмээн бас нэг шуугиан тариад байгаа ч тун саявтархан нөхрийнхөө машины цонхыг хага цохисон "гэмт хэрэг" үйлдсэн тухай яриа талын нэг тараад байна. Үнэндээ Сэрчмаа бүсгүй бүр хүүхэд байхын элдэв зүйл сэдэхдээ гарамгай, хүссэнээрээ байж чаддаг сахилгагүй нэгэн байсан аж. Сургуульд орох хүртлээ тун ч сахилгагүй байсан тэрээр сурагч болсноороо томоожсон ч дэггүй зангаа Хөгжим бүжгийн коллежийн оюутан байхдаа ч тавьдаггүй байсан гэнэ лээ. Өөрийн хүсэл сонирхолдоо хөтлөгдөн Хөгжим бүжгийн сургуулийн босгыг алхсан тэрээр дэргэдээ байх Хятадын элчин сайдын яамны хажуу дахь дээвэр нь бараг шувууны үүр болох дөхсөн складны дээвэр дээр "амьдарч" байсан гэх юм билээ. Ангийнхаа охидтой байшингийн дээвэр дээр амьдрахаар шийдсэн Сэрчмаа гэрээсээ аяга, халбага зөөн тухалж байсан тухайгаа нэгэнтээ ярьсан нь бий. Хэдий дэггүй хүүхдүүдийн саваагүй зан байж болох ч багш нар нь "Юун нүүрс үнэртээд байна аа" гэж асуудаг байсныг нь бодоход тэндээ цөөнгүй хоног амьдарсных биз. Чингэж хөвгүүдээс илүү гармаар сахилгагүйтэж эайсан Сэрчмаа 8-р ангид байхдаа үеийн гурван охинтойгоо англи дуу дуулаачдын уралдаанд "Spice girls" хамтлагийн дууг дуулан оролцож "Гран при" хүртсэндээ урамшин "Охид" нэртэй хамтлаг байгуулан гоцлол дуучин нь болсноор уран бүтээлийнхээ гарааг жинхэнэ утгаар нь эхлүүлсэн билээ. Мэдээж нөгөө гурав нь өдгөөгийн "Sweetymotion" хамтлагийн Сарнай, Сүндэрмаа, Ганболор нар. Гэсэн ч Сэрчмаа анхны цомгоосоо өмнө хамтлагаа орхисон. Хожмоо шалтгааныг нь "Чинбаа бидэнтэй байж боломгүй муухайгаар харьцдаг байсан" гэж тайлбарлаж байсан билээ. Юутай ч түүний хамтлагаа орхин гарсан энэ үе Сэрчмаагийн хор шарыг буцалгаж бие даан уран бүтээлээ хийхэд нь түлхүүрдсэн гэдэг.

Эх сурвалж: Монголчуудын амьдрал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top