Зарим заримдгуудад зориулсан шүлэг
Загатнаагүй ч гэлээ, миний гар
Заримдгуудад зориулж, ганц шүлэг бичилгүй горьгүй нь
Замбараагүйдээ биш ч, энэ хорвоо
Зарим нэг юмсаар аугаа их биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм төдий элбэг болжээ.
Заримдаг гийгүүлэгч ес байтал
Заримдаг хүн, ерэн хувийг нь эзлэхэд хүрчээ!
Өөрснийгөө тэд хэзээ ч мэдэж чадаагүй байж
Өрөөл бусдыг тэд хэзээ ямагт,
Өөчилж, муучилж, ховлож амьдрах нь
Өтөг шивхээр хооллогч өт хорхой мэт буюу.
Дөмгүүр ганган явбал дээрд үзэж, "нударган" гэнэ.
Дөнгөж хувцастай явбал доорд үзэж "гуйлгачин" гэнэ.
Олонтой явбал атаархахдаа "завхуул" гэнэ.
Орь ганцаар явбал аархахдаа "зайгуул" гэнэ.
Улаан мөнгөө өөрөөсөө харамлаад өөрснөө
Ууж чадахгүй явж, уусан хүнийг "архичин"гэнэ!
Уу, ид! гэж зүгээр яваа хүнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана!
Авгайгаасаа саллаа! гэж өөрөө хаягдсан юм шиг уурлана.
Авалгүй, ганц бие явбал, өөрөө суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуухад ярвалдаад хариу дуугардаггүй байж
Адилхан дуугүй зөрвөл их зан гаргалаа гэж уйлах шахна!
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно
Доройхон явбал өөрөө дайрчих гээд хөл гар гишиглэнэ.
Мөнгө харуулчихвал гуйж авчхаад эргүүлж өгөхгүй,
Мөнгөгүй цагтаа уулзвал нэг нүдээр харахгүй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань өөрөө ямар хүн бэ?
Гэм буруугүй хазгай гишгэдэггүй ариухан амьтан уу?
Гэвэл бас үгүй ээ! Энэ хорвоод төрөөд
Гэтэж, тагнаж, ховлож, хутгаж явахаас өөрийг сурсангүй.
Ний нуугүй хэлэхэд булай бүхнийг үйлдээчин
Нийгмийн бөөс болж, бусдын талхыг үмхээчин.
Зарим ийм заримдагчуудад зориулж өөрсөн шиг нь
Заваан шүлэг, нэгийг бичлээ, хайран ч гар минь!
* * * *
Ирсэн шуудангаар над дээр
Их бууны сум дэлбэрэв. • .
Ижий минь дарийг нь нухаж
Дүү хүүхэн маань, тусгалыг нь тааруулжээ.
Гаргуундаа гарсан муу шүлэгчийг
Газар дээр нь үнсэн товрог болгочихоод
Эх охин хоёр, өдийд тэнд
Эрхэм гавьяатан шиг дайлж суугаа.
* * * *
Аальгүй хүүхэн хөхрөх шиг гөлгөн нохой
Ам чөлөөгүй яргин хуцав.
Архи уусан хүн хурхиран унтах мэт
Алс бөглүүд "Иж" мотоцикл пажигнав.
Нөхөр нь эзгүй явсан Халтар хүүхний
Нөхөөстэй хаалга, ёслолын буудлага мэт тас, няс!
Нөгөөх мотоцикл тэр л хавьдаа дуугаа хурааж
Нөмөрсөн хөнжил шиг харанхуйд хэн янгүй таг чиг!
* * * *
Элгэн түмнийхээ зовол зүдүүрлийг цуглуулж
Эгэл шүлэгч, хуудас цаасан дээр зовдог юм.
Ядуу чадуу бүхний жаргал цэнгэлийг нийлүүлж
Яруу найрагч, хундага дарсан дээр жаргадаг юм.
Бишид хүний нэгэн насандаан амсахыг
Бичгийн хүн нэгэн суудал дээр амсдаг юм.
Иймийн учир хөөрхий бидний нас богинохон!
Илүү харагчдад өөлүүлж чичлүүлэх нь хамгийн түрүүнд!
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Үнэхээр гайхалтай