Шүлэг: Арван зургаан насны минь намар

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 06

 

Гомпилдоогийн Мөнхцэцэг

 

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат энэ бүсгүй 1990 оны “Болор цом”-д оролцсоноор олны танил болсон найрагч. УБИС-ийн Утгазохиолын ажилтны ангийг дүүргэсэн. 2000 онд “Сэтгэлийн ангир” шүлгийн анхны номоо, 2001 онд “Чамдаа” нэртэй CD гаргажээ. 2000 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн бөгөөд одоо МЗЭ-ийн хорооны гүйцэтгэх захирлын алба хашиж байна. “Болор цом”-ын эзэн энэ найрагчийн хоёр шүлгийг өнөөдөр уншина уу?

 

 

Арван зургаан насны минь намар 

Шар торгон дээлдээ

Шүүдэр бөнжигнүүлсэн дурдан бүстэй намар

Арын толгодод хяруу өлгөж ноолоход

Арван зургаан нас минь хормойд нь зүүгдэж хоцорсон

Ижийн өргөсөн сүүн замаар шувууд зэллэж

Ирэх цагийн өнгөнд хувилж нуугдсаар л одно

Өлмий гижигдсэн нутгийн минь чулуунд жиндүүлж

Өнчин цагаан нуур сарны гэрэлд мэлмэрнэ

Сэрчигнэх модод навчаа үдэн уйлалдахуй

Зүрхэнд тогтолгүй урссан хөнгөн гуниг тэр л намрынх

Сэтгэлд шургасан халуухан үгнээс иччихээд

Зүсэнд ч хоргодолгүй зугтсан хийтэй санаашрал тэр л намрынх

Аяа арван зургаан насны минь намар

Аргадмаар, сөгдмөөр, зөөлхөн л байсан даа.

 

Ижийд минь битгий хэлээрэй 

Хүнд намайг дурласан гэж битгий хэлээрэй

Хөөрхий ижий минь шаналж мэднэ

Хөөрхөн явснаа зэмлэж мэднэ

Хүнээс далдуур уйлчихаж мэднэ.

Босон суунгүй боддог гэж

Бодоод байхлаар уйлдаг гэж

Бов бор нүдтэй гэж

Болоогүй бас чамд шүлэг бичсэн гэж

Ижийд минь битгий хэлээрэй

Зүүдэлж сэрэхлээрээ хөөрдөг гэж

Зүггүйтэж орхиод холддог гэж

Хав хар хөмсөгтэй гэж

Харамлахаараа атирдаг ууртай гэж

Ижийд минь битгий хэлээрэй

Үсийг минь хааяа илдэг гэж

Үймүүлж орхиод холддог гэж

Худлаа хэлдэг уруултай гэж

Хуурсаар байгаад үнсчихдэг гэж

Ижийд минь битгий хэлээрэй

Цэцэг голдог эрвээхэй хүртэл цоохор байхад

Цээжинд ахлах хайраа өөрөөн олсон гэж

Даанч тэр минь хүнийх гэж

Ижийд минь битгий хэлээрэй

Дандаа намайг өрөвдөөд дэндүү эрт хөгширчихөж мэднэ

Ижийд минь битгий хэлээрэй

Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сугир(103.9.90.130) 2013 оны 04 сарын 23

өөрийн гэсэн өнгө төрхтэй яруу найрагч.одоо нас нь бас явж бн даа

0  |  0
Top