Ц.Даваасүрэн гишүүнээ, 12 давхар барилгаас чинь болж байшин нурж хүүхэд эндвэл та хариуцаарай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 08



Хот төлөвлөлт хог дээр хаягдаж, энд тэндгүй мухар гудамж, эмх замбараагүй барилга, граж, дэлгүүр, ТҮЦ-үүд шавааралдана. Гадаадын нэгэн иргэн “Танай төр засаг яг энэ хотынхоо зохион байгуулалттай ижилхэн байдаг уу” гэж хамт явсан орчуулагчаасаа лавлахад хэлэх олигтой үг олдоогүй гэдэг. Аливаа улсын соёлын хэмжүүр нь хотын ерөнхий зохион байгуулалт байдаг юм билээ. Энүүхэн урд хилийн цаадах Эрээнд очиж үзээгүй хүн бараг байхгүй байх. Хэдхэн жилийн дотор боссон энэ жижигхэн хот гэхэд ямар гоё билээ. Гэтэл бидний байж байгааг хар л даа. Хотын захирагчаар ажилаж байсан, одоо ажиллаж байгаа эрхмүүд юу бодож, хийж байгааг ойлгоход хэцүү боллоо. Хотын газрын ченж хэмээн цоллуулдаг байсан, өнөөгийн шадар сайд М.Энхболдын үеэс хот байгуулалт бүхэлдээ сүйрсэн дээ. Түүнийг хотын захирагч байхад МАН-ын гишүүд нь ихэвчлэн газрын албаныхантай хуйвалдан энэ сүйрлийг гардан хийлцсэн гэдэг. Энд хамгийн ихээр хэлмэгдсэн нь хорооллуудын дунд байсан хүүхдийн тоглоомын талбай юм. Улсын их дэлгүүрийн баруун урт талын байруудын хажуугийн хүүхдийн тоглоомын талбай дээр М.Энхболдын үед Авзага трейд компани хоёр барилга барьж, газрын зөвшөөрөл, захирамжийг нь нэлээд хожуу гаргуулсан гэнэ лээ. Оршин суугчид нь яаж ч тэмцээд тэднийг дийлээгүй. Шүүхээр яваад гурван шатны шүүх М.Энхболдын шийдвэрийг буруутгасан боловч тэр “Барилга хаана барихыг Дээд шүүх шийддэггүй юм” гээд зогсож байсан тухай оршин суугчид одоо ч гомдолтойгоор дурсан ярьдаг. “Авзага трейд” компаний захирал Мэндбаяр илт хууль зөрчиж, барилгаа барихдаа М.Эхболдод нэлээд юм атгуулсан биз гэх тэдний үг хүрээгүй, сонсогдоогүй газар гэж үгүй. Тухайн үед телевиз, сонин хэвлэл бүхэн энэ талаар мэдээлж байлаа. Гэвч М.Энхболд “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэсэн шиг шал тоохгүй байв. Энэ мэтээр түүний сүйтгэсэн тоглоомын талбайнуудаас үлдэж хоцорсон цөөн хэд дээр нь одоогийн УИХ-ын гишүүн Ц.Батбаяр хотын захирагчаар томилогдож очоод “вальс” эргэн тонгочжээ. Улсын их дэлгүүрийн зүүн талын байруудын хүүхдийн тоглоомын талбайг бас л нэг шөнө эвдэн ачиж аваад явсан гэнэ. Сууц өмчлөгчдийн холбооныхон эсэргүүцэж жагсаал цуглаан хийхдээ тулж байжээ. Тэнд Ц.Батбаярын  дүүгийн барилгын компани газар ухах гээд хэд хэдэн удаа оролдоод иргэдийн эсэргүүцэлтэй тулж арга буюу ажлаа зогсоожээ. Одоо ч энэ талбайд хүүхэд тоглох аргагүй хэвээрээ байгаа юм. Дөрөвдүгээр хороололд мөн үүнээс  ялгаагүй юм болсон гэдэг. Сууц өмчлөгчдийн зарим нь барилгын суурийн нүх ухахаар ирсэн эксковаторын шанаган дотор орж суугаад “Хүүхдүүдийн минь тоглох талбайг чөлөөлж өгтөл чинь энэ шанаганаас гарахгүй” гээд уйлж байжээ. Дайн дажин шиг ийм аймшигтай үзэгдэл өнөө хэр нь үргэлжилсээр байна. Үзэгдэл гэхээр юун сүртэй юм бэ хэмээн хүндээр тусгах хэрэггүй байх. Нийгмийн гамшигт үзэгдэл гэж хэлмээр байгаа юм. Бяцхан үрсийнхээ ирээдүй рүү буу шагайхтай адил тийм үзэгдэл болоод байна. Саяхан Спортын төв ордны ард байрладаг Спортын гимнастикийн төвийн заалны сууринд тулгаад бас л барилгын нүх ухжээ. Тэнд УИХ-ын Ц.Даваасүрэнгийн 12 давхар барилга баригдах юм байна. Спортын гимнастикийн багш дасгуулагчид түүн рүү утасдаж учрыг лавлахад  “Тэнд миний барилгын талбай байгаа” гэхээс өөр зүйл хэлээгүй ажээ. Тэр өөрөөр юу ч гэж тайлбарлах билээ. Үүнээс илүү товч тодорхой харилцах аргагүй биз. Спортын гимнастикийн төвийн барилгын суурьтай зэрэгцүүлэн нүх ухсан тул бага зэрэг доргилт өгөхөд нурах аюултай гэж мэргэжлийн хүмүүс багш нарт анхааруулсан байх юм. Хэрвээ барилга нурж хүүхэд эндвэл Ц.Даваасүрэн гишүүн та хариуцаж л таарна шүү дээ. Спортын гимнастикийн үе үеийн аварга, их мастеруудыг төрүүлсэн тус заалны барилгад энэ зун засвар хийхээр төлөвлөсөн байлаа. Гэтэл хажууд нь залгаад Ц.Даваасүрэнгийн барилга босч эхэлвэл засварын ажилд ч төвөгтэй байдал үүсэх гээд байна.
    Хан-Уул дүүрэгт Японы хөрөнгө оруулалтаар хийгдээд удаагүй байгаа хүүхдийн софт теннисийн талбайг хусаад хаячихсан байна. Нийтдээ 300 хүүхэд тоглох хүчин чадалтай энэ талбайг барихад технологийн хувьд нэлээд нарийн чимхлүүр ажиллагаа шаардсан гэдэг. 100 гаруй мянган ам. доллар зарцуулсан уг талбайг дайруулан хурдны зам тавих шаардлага байхгүй байсан гэж мэргэжлийн хүмүүс дараа нь ярьж байв.
    Хүүхэд рүү онилсон ийм бусармаг дайралтыг зогсоох дарга одоогоор алга шиг байна. Нийслэлийн 33 дугаар сургуулийн гаднах биеийн тамирын талбайд барилга барьсан эрхмүүдийг хотын захиргаа хөхүүлэн дэмжсээр байгаа гэнэ. Хувийн ашиг хожоо олж л байвал хүүхэд тоглох, сурах, биеэ чийрэгжүүлэх, спорт заал, талбай дарга нарт хамаагүй ажээ.
Б.Отгонбаяр. Zindaa.mn           



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top