Ё.Отгонбаяр сайдын эмгэнэлт хонхны баярууд энэ жил хэдэн хүүхдийн амиар наадах бол оо?

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 07

    
Хавар болж хаа сайгүй хонхны баярууд үргэлжилж байна. Баяр ч гэж дээ, балай архидалтаар дүүрэн эмх замбараагүй өдрүүд тохиож байна. Хэн анх үүнийг санаачилсныг бүү мэд. Зах зээлийн харилцааны савалгаан дунд тоймоо алдсан их дээд сургууль төгсөгчид ийм нэг архидалт, садар самуунаар бялхсан “Баяр” хэмээх юмандаа хамаг мөнгөө шавхаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж архидалтыг таслан зогсоох талаар уриалж, аливаа баяраар сүү өргөн хүртэж байхыг иргэддээ санал болгосныг боловсролын байгууллагууд лав хэрэгжүүлэх дургүй байгаа бололтой. Саяхан анагаах ухааны “Ач” дээд сургуулийг төгсөгчид Тэрэлжид хоёр хоног төгсөлтийн баяраа тэмдэглэн зад найралцгаав. Бүтэн зургаан жил суралцаад эмч гэдэг сайхан алдрын эзэд болох гэж яваа тэднийг гол уруу татагчид хэдэн багш нар бололтой. Согтуу багш нараа оюутнууд дамжлан байранд оруулж унтуулах гээд бөөн юм болж байв. Оюутан охид нь эрчүүдтэйгээ голцуу нэг хөнжилд үүр цайлгаж гэнэ. Энэ мэтээр архидалт нь эр эмийн явдлаар өрнөсөн өдрүүд ганц энэ сургуулиар яаж тогтох билээ. Одоо дуу дуугаа авалцан баярлацгааж байна.
Өнгөрсөн онд оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн зарим эцэг эхчүүд Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд хандан хонхны баяр хэмээх энэ архидалтаа зогсоохыг шаардсан боловч үр дүн төдийлэн гараагүй ажээ. Энэ жил ч хүүхэд, залуучуудын байгууллагаас мундахгүй их уриалга, сануулга гаргав. Сайд Ё.Отгонбаярт урьдын адил үүнийгээ зохицуулахыг  хүсчээ.  Гэвч тоймтой юм хийгдсэнгүй. Оюутнуудын архидалт ч нэлээд газар авч байгаа юм байна. Хонхны баяраар далимдуулахаас гадна жирийн өдрүүдэд эрүүлжүүлэх байранд олноороо шөнийг өнгөрөөдөг болжээ. Дээрэм, хулгайн хэрэгт холбогдох оюутны тоо цөөрөхгүй байгаа гэнэ. Бэл бэнчинтэй айлын хүүхдүүд хонхны баяраа Бээжин, Хөх хот, Шанхай, Сингапурт хүртэл очиж тэмдэглэн тансагладаг болов. Тэнд архигүй, завхайралгүй өнгөрөх гэж юу байхав. Нэгэн оюутан бүсгүйг Бээжин рүү авч явсан залуус хятадуудад биеийг нь үнэлэхийг завдсан тухай мэдээлэл бий. Охин шүүхэд гомдол мэдүүлэх гэсэн боловч нөгөөдүүл нь мөнгө, эд хөрөнгө амлан байж асуудлыг хурцатгалгүй өнгөрсөн гэдэг. 
    Ерөнхий боловсролын сургуулиуд хонхны баяраа хийж эхэллээ. Өнгөрсөн оны гашуун сургамжаа давтах бололтой. Хонхны баяраас болоод нэлээд олон гэмт хэрэг гарсан. Энэ жил зарим сургуулиуд хонхны баяртаа нэг хүнд доод тал  300 мянган төгрөг ноогдуулан татаж байна. Анги удирдсан багшдаа бэлэг сэлт авна, боломжийн баар ресторанд зоог барина, амралтын газарт очиж нэгээс доошгүй хоног зугаацна гээд тооцохоор дээрх мөнгө хүрэхгүй шахам болж байгаа ажээ. Хонхны баярыг тохиолдуулан гэрэл зургийн, унаа машины, хоол ундны, бэлэг дурсгалын зүйл гэх мэтийг зохиуцуулах үүрэгтэй “ченж”-үүд ажилдаа шамдан орж байна. Манай ангийн багш чинь гэртээ жаахан тарчигдуу юм билээ гээд сурагчид нь бөөгнүүлсэн мөнгөөрөө хивс, телевизор, гар утас, компьютер авч өгөх бол энүүхэнд. Энэ нь бараг моод болжээ. Ерөнхий боловсролын сургуульд хамгийн азтай багш бол төгсөх ангийг дааж авсан багш. Төгсөлт дөхөөд ирэхээр  ааш муутайхан багш бол нэг л хэсэгтээ хайлсан тугалга шиг болдог гэх шог яриа хүртэл гарчээ.
    Сүүлийн үед нэгдүгээр ангийнхан буюу зургаан настнуудын хонхны баяр бас нижгэр болдог болов. Доод тал нь 100 мянган  төгрөгөөр нийлцгээж байна. Бийлэгжүү айлууд нь сургууль, багш нарт нижгээд бэлэг гардуулдаг гэнэ. Ийм үзэгдэл бүр доошлоод цэцэрлэгт хүртэл байгаа ажээ. Цэцэрлэгийн ангийхан ёстой хөөрхөн. Эцэг эхчүүдийг нь цэцэрлэгийн менежер  эвтэйхэн аргалж байгаад нэг хүүхдээс доод тал 60 мянган төгрөг татаж байна. Архинд дуртай эцэг эхчүүдийг менежер тусгайлан хүлээн авч ууцгаана. Энэ хооронд бэлгээ авна. Навсайтлаа согтсон эцэг хүүхдээ хөтөлж яваад машинд дайруулсан эмгэнэлт явдал ч гарч байжээ.
    Боловсрол соёл шинжлэх ухааны яам юу хийж байна аа. Хүүхэд залуус маань хонхны байр гэх лонхны баяраас болоод сүйрэх нь байна. Ерөнхийлөгчийнхөө уриалгыг хэрэгжүүлэх талаар ажил зохион байгуулахгүй юм бол зайгаа тавиад өгчих хэрэгтэй шүү дээ. Алийн болгон ингэж новширч, ажил хийсэн дүртэй эргүүтэцгээх юм бэ. Юманд хэмжээ гэж байдаг бол болоо юм биш үү. Өнөө жилийн хонхны баяраар хэдэн хүүхэд амиа алдах вэ? Хэд нь хүчирхийлэлд өртөх бол оо?  

 

Х.Тулга. Zindaa.mn   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top