Авлигатай тэмцэгчид барьцаалагджээ. Уг нь Авлигатай тэмцэх газар бол онцгой үүрэгтэй, олигархийн эсрэг ард түмнийхээ талд бат тууштай зогсох том хүч байлаа. Гэвч тэднийг олигархиуд буюу өнөөгийн бохир улс төрийн хүрээнийхэн хааш нь ч хөдөлгөхгүй гартаа хийж, барьцаандаа авсан байна. Тус газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадас нар нь одоо шоронд сууж байгаа. Тэд гэм буруутай байж болох юм. Анхан шатны шүүх тэднийг ялласан нь бодит үнэн. Гэхдээ угаасаа л улс төрийн зорилгоор тэднийг тэнд томилж ажиллуулж байжээ. МАН-ын талынхан Ч.Сангарагчааг дарга болгосон. Ингэхдээ “Манай намын томчуудын авлигыг нам дарж байгаарай” гэсэн бололтой. Энэ үүргээ Ч.Сангарагчаа муугүй биелүүлсэн юм шиг байна. Тэгээгүй бол өнөөдөр хүчээ аван яригдаад байгаа “Айвенхоу майнз” компанитай байгуулсан хууль бус гэрээний ард хийгдсэн авлигын хэргүүдэд С.Баяр, П.Зоригт зэрэг олон хүн дээлээ нөмрөөд шоронд суух байсан байх. Стратегийн орд газруудтай холбоотой өөр олон хүн МАН-аас тодорсоныг Авлигатай тэмцэгчдийн дарга Ч.Сангарагчаа нууж чадсан болов уу. Төмөртэйн орд газрыг яаж Хятадуудад өгсөн билээ дээ. Дараа нь тэгээд иргэний хөдөлгөөнүүд эсэргүүцэл тавьсаар хааж, лицензийг нь хураан авсан. Эндээс авлига нэвт ханхалж байлаа. Ер нь авлига гэхээр заавал гар дээр ньбэлэн мөнгө өгсөн, түүнийг харсан хэн нэгэн гэрчлээд хэрэг үүсдэг мэтээр манайхан төсөөлж байх юм. Энэ бол авлигын хэргийн зөвхөн нэг л тал нь шүү дээ. Хэн нэгэнд хууль бусаар баяжих боломж олгосон дарга нарын үйлдэл болгон уг нь авлигын хэрэг болох ёстой юм. Авлигын эсрэг олон улсын конивенцийн гол үзэл санаа ийм байдаг. Тэгвэл Авлигатай тэмцэгчид өнгөрсөн хугацаанд хэнд давуу боломж олгоход амаа хамхан сууж, мэдсэн ч мэдээгүй царайлан байж туслаа вэ. Энд ганц хариулт бий. МАН-д бүх талаар тусалж, тус намынханы авлигын том хэргүүдийг хав дарсан л байхгүй юу. АН-ынхан үүнийг нь мэдээд асуудлыг босгох гэж оролдсон. Тэгээд Ч.Сангарагчаа МАН-ынхаа төлөө журамт нөхдөө тагнаж чагнасан хэрэг үйлдсэн. Ердөө товчхон тоймловол ийм дүр зураг харагдана. Өнөөдөр Авлигатай тэмцэх газар эзэнгүйрээд байгаа. УИХ-ын дарга Дэмбэрэл гэдэг нөхөр тамгын газрын дарга П.Бадарчийг нь дуудаад “Даргынхаа ажлыг орлон хий” гэж үүрэгдсэн. Хуулиараа бол ингэх боломжгүй юм билээ. Тамгын газрын дарга байгууллагын тамгаа атгаж суугаад дарга хийнэ гэж юу байхав. Ёстой жинхэнэ гажуудал гэж үүнийг хэлэх байх. Харин УИХ яаралтай арга хэмжээ авч Ч.Сангарагчаагийн орны хүнийг шууд томилох хэрэгтэй байсан юм. Гэвч тэгж чадаагүй. Бүр хүсээ ч үгүй. МАН-ынхан УИХ-д олонхи байгаа болохоор Ч.Сангарагчаа нь бүрэн эрхээ түдгэлзүүлэлгүйгээр шоронгоос ажлаа хийгээд сууж байна. Дэлхийн түүхэнд байхгүй, байх ёс ч үгүй юмыг МАН-ыхан ийнхүү зохион байгуулаад байгааг юу гэж ойлгох вэ. Авлигын эсрэг хууль манайд дутуу хагасч гэсэн нэг юм байгаа. Түүнд нь “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга гэмт хэрэг хийсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэл хүчин төгөлдөр болсон бол тэдгээрийг албан тушаалаас нь огцруулсанд тооцно” гэсэн байна. Анхан шатны шүүх тэднийг гэмтэн мөн гээд тогтоолоо гаргасан. Дээд шатны шүүхүүд хянах ёстой. Энэ үеэр нь харин МАН-ынхан тэднийг ямар нэг аргаар сугалж авч үлдэх гээгүй юм бол хуулийн дагуу ажиллах учиртай байсан юм. Хуулиа сахихгүй байгаа тэднийг Авлигатай тэмцэгчдийг атгандаа хийчихсэн хүмүүс гэж хардах нь ч бас багадах бололтой. Авлигатай тэмцэх газраас урьд нь 21 авлигачийг нэрлэх гээд дуншиж байлаа. Энэ сургаар улс төрчид хөдөлгөөнд орж авлигатай тэмцэгчдийг дотроос нь үймүүлж эхэлсэн байж болох юм. Ер нь иргэний хөдөлгөөнүүдийн тэмцлийг хүртэл ийм аргаар тарааж бусниулдаг байлаа шүү дээ. Тэрүүн шигээ Ч.Сангарагчааг шударга ажилагсадынх нь эсрэг турхирч чагнах төхөөрөмжөө хууль бусаар ашиглахад хүргэснээс зайлаа гэж үү. Ингэж чаддаг улс даа, МАН-ынхан. Тэгээд тэднийг барьцаандаа байлгана. Хэргийг нь хамгаалах, хаацайлах ажлыг “хуулийн хүрээнд” зохион байгуулна. Лут байгаа биз. Ч.Сангарагчаа хэрэг хийгээгүй, одоо зүгээр л шоронд ээлжийн амралтаа эдэлж байгаа юм байна л даа, хөөрхий.
Х.Тулга. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )